Холимог тулаанч М.Нандин-Эрдэнэтэй ярилцлаа.
-Тун удахгүй Монголдоо тулаанаа хийх гэж байна. Бэлтгэлээ хэрхэн базааж байна вэ?
-Ажлаа хийгээд л, хажуугаар нь өдөрт 2-3 цаг бэлтгэлээ хийгээд л явж байна. Өөрт байгаа бүхий л нөөц боломжоо дайчилж, хичээж байгаа. Ажлаа хийх ч нэг талаараа бэлтгэл болдог.
-Өдөрт хэдэн цаг ажилладаг вэ. Ажлаа тараад бэлтгэл хийхэд хүнд үү?
-Би Солонгост арбайт хийдэг. Ажилгүй өдөр байна. Ажилтай өдөр байна. Эрт тарах өдөр байна. Орой ч тарах өдөр байна. Янз бүр. Эрт тарвал шууд бэлтгэл рүүгээ гүйнэ. Заримдаа шууд гэр рүүгээ гүйчихнэ.
-Тэр хоорондоо дандаа алхаж явдаг хэрэг үү?
-Үгүй, үгүй. Хол бол метронд сууна. 30-40 км зайтай бол гүйж амжихгүй шүү дээ. Ойрхон бол харин аль болох алхаж, гүйхийг илүүд үзнэ. 5-15 км зайд бол гүйчихнэ. Тэр чинь бас нэг ёсны бэлтгэл шүү дээ. Тэгээд л ганц хоёр цаг амарчхаад дахиад бэлтгэлдээ гарна.
-Тулаантай үедээ ажлаа хэрхэн зохицуулдаг вэ?
-Тулааныхаа өмнө хэлнэ. Чөлөө авна. Дараа нь нөхнө дөө.
-Та Солонгост очоод хэдэн жил болж байгаа юм бэ?
-Арав гаруй жил болж байна.
-Солонгост монголчууд дандаа хүнд хүчир ажил хийдэг гэсэн байсан. Ер нь монголчуудын хийдэг хүнд хүчир ажил нь ямар ажил байдаг вэ?
-Угаасаа хэл ус байхгүй шүү дээ. Мэдэхгүй. Мэдсэн ч гэсэн тийм төгс хэл байхгүй юм чинь гадаад хүмүүс нь айл нүүлгэх, энд тэнд юм зөөх, барилга байшин барих гээд л дандаа хүнд хүчир л ажил хийнэ. Яах вэ тэгээд нөөц боломжоо ашиглаад бизнес хийгээд сайхан явж байгаа мундаг залуус бий бий. Хувь хүн яаж толгойгоо ажиллуулж байна тэр чинээгээрээ сайн, сайхан явах боломж байгаа шүү дээ. Юу нь амар санагдаж байна түүгээрээ ажилладаг байх гэж боддог.
(8).jpg)
-Монголд болох гэж байгаа Nomadic fighting championship тэмцээн хэр өндөр зэрэглэлийн тэмцээн бэ. Хэр ач холбогдол өгч байна вэ?
-Монголд анх удаа зохион байгуулагдаж байгаа. Шилдэг тамирчид орно. Өндөр зэрэглэлийн тэмцээн л гэж харж байна. Зохион байгуулалт сайтай байгаа гэж сонссон. Тэгэхээр нэлээд өрсөлдөөн ихтэй, өндөр зэрэглэлийн тэмцээн болох байх гэсэн хүлээлттэй байгаа шүү.
-Өрсөлдөгчдөө хэр судалж байна вэ?
-Нэг их судлаагүй ээ. Судлах гэхээсээ илүү өөрийнхөө бэлтгэлийг сайн базаачихсан байхад болно шүү дээ. Хэн ч зодуулна гэж гарахгүй. Зодно л гэж гарч байгаа. Бүгд л бүх техникээ мэдэж байгаа. Хэн юу хийх, түүний эсрэг яаж тулалдах нь бэлтгэлээс л харагдана шүү дээ.
-Та ер нь яагаад тулааны спортыг сонгож хичээллэх болсон юм бэ. Багаасаа бокс, таеквондо, жюү жицү, мутай бокс, кикбокс гээд их олон төрлийн тулааны спортоор хичээллэж ирсэн байна лээ шүү дээ?
-Зүгээр л гоё эр хүн байх гээд. Манай аав боксын тамирчин л даа. Би эрэгтэй хүмүүст нэг зүйл хэлмээр санагддаг юм. Ер нь тулааны урлагаар хичээллэж үзээсэй. Эр хүн биеэ хамгаалж чаддаг байх ёстой гэж боддог юм. Хүнд ямар ч зүйл тохиолдож болно. Ямар ч үе ирж болно. Тэр үедээ өөрийгөө хамгаалдаг байх ёстой гэж боддог. Эр хүн болгон зодолдох албагүй. Гэхдээ зодолдож чаддаг байх ёстой л гэж боддог юм. Миний үзэл бодол тийм л дээ. Тиймдээ ч анх хичээллэж эхэлсэн юм болов уу.
-Таныг хүмүүс тулааны спортын тамирчин, зодолддог хүн байж даруу төлөв гэж их ярих юм билээ. Олон тулааны дэвжээн дээр гарч, олон аваргын бүсийг хүртэхдээ аагьж, саагьдаггүй гэж хүндлэх хүмүүс олон. Тулааны аварга болоод омогших үедээ монгол хүн гэдгээрээ их л бахархдаг шиг санагдсан. Ер нь хэр омогшдог вэ?
-Яг таны сая хэлсэн шиг хүмүүс намайг даруухан гэж хардаг гэж байна шүү дээ. Би яг л тэгж хэлүүлэхийг хичээдэг. Тийм ч байх гэж их хичээдэг. Тулааны тамирчин гэхээрээ л сагсуу биш даруухан байх ёстой гэж өөрийгөө их дарна. Би чинь солонгост их танигдсан болохоор монгол гэх нэр гарна. Тэгээд л монгол хүн гэдэг үүднээсээ, монгол тамирчин гэдэг үүднээсээ хүмүүст эерэг хандлага үлдээх юм сан гэж боддог. Тулааны тамирчин гэхээр л зодолдоод байдаг юм биш. Ер нь залхдаг шүү дээ /инээв/. Сагсуурах гээд ч яах вэ дээ.
-Залуус холимог тулааныг шагналын сан өндөртэй. Мөнгө их олох спорт гэж хараад байх шиг. Та цөөнгүй жил тулалдлаа. Тийм боломж нь хэр юм бол. Таны авч байсан хамгийн өндөр дүнтэй мөнгө хэд байв?
-Би авч байгаа мөнгөө хэлж болохгүй байна. Нууцын гэрээтэй гэх юм уу /инээв/. За тэр нь ч бас хаашаа юм. Гэхдээ мөнгө бол гайгүй авчихдаг. Энэ хүртлээ, мөнгө гайгүй авах хүртлээ бас нэлээд их орон зайг туулсан. Маш их зүйлийг зориулж, золиосолж энд хүрсэн гэх юм уу. Анх бол маш багаас эхэлсэн. Энэ спорт руу орохдоо залуус шууд мөнгө л гэж хардаг юм шиг байна лээ. Маш хэцүү шүү. Мэдээж доороос эхэлж байгаа юм чинь шууд их мөнгө аваад эхлэхгүй. Шат дараалалтай. Тэгээд олонд танигдана. Дээрээс нь олон ялж байж гайгүй мөнгө авна. Ямар ч спорт тийм байдаг шүү дээ. Мэргэжлийн болоод олонд танигдаад ирэхээр гэх юм уу.
-Таны хань бас таныг дасгалжуулдаг, хамт бэлтгэл хийдэг гэсэн. Гэр бүлийнхээ тухай ярьж болох уу?
-Миний хань Ундрах бүх зүйлд л зааж зөвлөнө. Би нэг тэмцээнд орохдоо дор хаяж 12-13 кг хасдаг. Тэгэхээр бүх зүйлийг зааж өгнө. Өнөөдөр ийм хоол идээрэй. Ус чинь ихдээд байгаа юм биш үү. Шингэн зүйлээ багасга гээд л миний хажууд байж бүх зүйлийг минь зааж өгнө.
-Хүүхдүүд нь тулааны спорт хэр сонирхож байна. Тулааны спортоор хичээллэе гэж байна уу?
-Үгүй ээ. Манай хоёр ёстой тэгдэггүй. Надаас эсрэг. Маш зөөлөн. Хүн зодох нь бүү хэл хүнд хүрэхээс айдаг даруухан хүүхдүүд бий. Хүү, охинтой.
-Та түрүүн эрэгтэй хүмүүс биеэ хамгаалж чаддаг байх ёстой гэсэн. Таныг гудамжинд явж байхад ч юм уу, олон нийтийн газар хүмүүс таньчхаад зодолдъё, ганц үзье гэх мэтээр хоргоох уу?
-Зөндөө шүү дээ. Монгол залуусын маань хэлж ярьдаг зүйл гудамжны зодоон бокс хоёр ондоо шүү гэх юм уу. Холимог тулаан бокс хоёр ондоо шүү. Нандиа хөөе, ганц үзчихье гээд л зөндөө хоргооно. Би тэдэнд харуулах гэж тулааны спорт сураагүй. Тиймээс хэл амаараа л учраа олохыг илүүд үздэг дээ. Гудамжинд жаахан байхдаа л зодолдож байсан. Хамгийн сүүлд оюутан байхдаа л зодолдож байсан юм уу. Тэрнээс хойш зодолдоогүй ээ. Тэгээд хэл амаараа л учраа олдог.
.jpg)
-Хамгийн сүүлд эх орондоо хэзээ ирсэн бэ?
-Би хоёрдугаар сард монголд очсон. Монголд сувилалд хэвтэж биеэ жаахан бөөцийлөх гэж очсон. Өнгөрсөн гуравдугаар сард нэг тулаан хийсэн. Түүнийхээ өмнө эрч хүч авахаар монголдоо очсон.
-Ер нь монголдоо ирээгүй хамгийн удсан цаг хугацаа хэзээ байв. Нутгаа хэр санадаг вэ?
-Эхнэрээ магистрт сууж байхад 4-5 жил монголд очоогүй нь хамгийн удсан нь байх. Сургуулийн төлбөр, дээрээс нь хоёр хүүхэдтэй болчихсон. Ажиллахаас өөр арга байхгүй. Тэр үед 4-5 жил юм уу ерөөсөө очоогүй. Ёстой л нохой шиг ажиллаж байгаа юм чинь. Барилга, айл нүүлгэх, ачаа бараа зөөх гээд л олдож байгаа бүх ажлыг хийдэг байлаа.
-Таныг энд тэнд ажил хийгээд явахад солонгосчууд хэр таних уу?
-Андахгүй шүү дээ. Андахгүй нь ч бас хаашаа юм бэ /инээв/. Энд тэнд ажил хийгээд явж байхад таних тохиолдлууд зөндөө гарна. Хараад л байна. Нандин-Эрдэнэ мөн үү, хамт зургаа даруулъя гэнэ. Би чинь ямар ч ажил хийж яваад таараа билээ. Өө би ийм халтайсан хувцастай яаж зургаа даруулах юм бэ гээд ичнэ. Тэгж байгаад нэг зургаа даруулна. Түүний цаана хамгийн гол нь монгол гэдэг нэр гарна шүү дээ. Эсрэгээрээ харин солонгосчууд монгол тамирчин ажиллаад явж байна. Сайн тамирчин гэж эергээр хардаг ч би дотроо монгол хүн байж гээд их ичдэг.
-Дөрөвдүгээр сарын 27-нд монголдоо тулаанаа хийнэ. Магадгүй дараагийн тулааны тов гарсан уу?
-Дөрөвдүгээр сарын 27-нд монголдоо тулалдчихаад зургадугаар сарын 28-нд солонгосын Road FC холбооны аваргын төлөө тулалдана даа. 100 мянган ам.долларын шагналтай. Маш том тулаан хүлээж байгаа.
-Солонгост гэр бүлээрээ ажиллаж амьдрахад залуу гэр бүлийн хувьд хэр байдаг вэ. Хэр таатай орон бэ?
-Хувь хүнээсээ л шалтгаалах байх. Энд чинь ажиллахгүй л бол хэцүү шүү дээ. Дээрээс нь хүний нутаг. Хэдий орчин нөхцөл гоё ч гэсэн эх орон гэдэг л хүнд хамгийн сайхан зүйл. Би удахгүй гэр бүлээрээ монголдоо очиж амьдарна. Солонгост их зүйлийг сурлаа. Монгол руугаа удахгүй буцна л гэж бодоод байгаа. Цааш цаашдаа илүү том холбоонд, илүү дээд түвшинд гарах хүсэл бий. Америк ч юм уу арай өөр тийшээ явах бодолтой байгаа. Спортоороо дараагийн шат ахих хүсэл эрмэлзэлтэй байна.
-Солонгост очоод арав гаруй жил болчихсон гэхээр хүүхдүүд нь солонгост төрсөн үү?
-Тийм. Солонгост төрсөн.
-Монголоор ярьдаг уу?
-Солонгос, монгол аль алинаар нь л ярина.
-Монголдоо ирэхээр хэр идээших бол. Хэр ойрхон зайтай монголд ирдэг вэ?
-Одоо очихдоо бүр мөсөн очно доо. Хүүхэд болохоор дороо идээшиж дасах байх. Энд ч бид дандаа монгол хоолоо л иддэг. Тэгэхээр нэг их бэрхшээл гарахгүй байх. Ер нь бид зун болгон монголдоо очдог. Тиймээс хүүхдүүдийн хувьд монголдоо байхад асуудалгүй.
-Ярилцсанд баярлалаа. Ярилцлагын төгсгөлд таныг дэмждэг хүмүүстээ хандаж хэлэх үг бий юу?
-Баярлалаа. Намайг ирж дэмжээрэй. Ямар ч байсан хичээх болно. Сайн тулалдана аа.
