Dark Light
Нийтлэл | 2025-04-23

ГАЗНЫ ОСЛЫН ШҮҮХИЙН УРЬДЧИЛСАН ХЭЛЭЛЦҮҮЛГИЙН ЭРГЭН ТОЙРОНД...

СЭТГҮҮЛЧ | С.ОТГОНБАЯР
Image
2024 оны нэгдүгээр сарын 23-24-нд шилжих шөнийн 01:06 цагт БЗД-ийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэр Дүнжингарав худалдааны төвийн урд уулзварт 15.3 тн газ тээвэрлэж явсан ачааны машин Патрол маркийн машинтай шүргэлцэн газ алдагдсан осол гарсан. Ослын улмаас дэлбэрэлт болж онцгой байдлын албаны гурван алба хаагч, энгийн дөрвөн иргэн амиа алдаж, 9 хүн хүнд, хөнгөн гэмтэж, 36 иргэнд угаарын хийн хөнгөн зэргийн хордлогын шинж илэрсэн бол 36 тээврийн хэрэгсэл, 4 барилга байгууламж шатаж, 228 иргэн, 15 аж ахуйн нэгж байгууллагын эд хөрөнгөд 5.4 тэрбум төгрөгийн хохирол учирсан харамсалтай үйл явдал болсон. 
Тухайн ослын шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг өчигдөр боллоо. Хуралдаан эхлэхийн өмнө оролцогчдын ирцийг бүртгэв. 207 дугаар байрны хохирогчид нэр ижил тул овгийг тодруулах болон бусад бүртгэлийг хийж байлаа. 
2025 оны дөрөвдүгээр сарын 22-ны өдрийн 11:30 цагт Шүүх бүрэлдэхүүн орж ирлээ. Зарим хүсэлтийг хуралдааныг даргалагч тодруулж, урьдчилсан хэлэлцүүлэг гэж ямар учиртай болохыг оролцогчдод тайлбарлав.
11:40 цагт хуралдаанд оролцогчдын хүсэлтийг сонсож эхэллээ. 
Дашваанжил компанийн өмгөөлөгчид болон жолооч Ч.Ренчиндоржийн өмгөөлөгчид хэргийн нотлох баримт дутуу, үйл баримтыг дутуу үйлдсэн, хоёр машин шүргэлцсэнээс үүссэн ослын улмаас газ алдагдсан. Иймд хэргийг мөрдөн байцаалтад буцааж дахин нотлох баримтууд цуглуулах хүсэлтийг удаа дараа тавьж байв. 
13:30 цаг: 
207 дугаар байрны хохирогчдын өмгөөлөгч М.Хандармаа: Дашваанжил ХХК-ийн өмгөөлөгчдийн хүсэлтийг сонсоход тухайн осолд Дашваанжил компани ямар ч буруугүй. Өөрөөр хэлбэл, барилгын компанийг иргэний хариуцагчаар татах гээд байгаа юм шиг. Замын геометрийн алдаа, замын алдаатай байгууламжийн улмаас гэмт хэрэг үйлдсэн мэт байдлаар тайлбар хэллээ. Гэтэл шинжээчийн дүгнэлтэд Дашваанжил ХХК тухайн жолоочдоо аюулгүй ажиллагааны дүрэм танилцуулаагүй. Хөдөлгөөнд оролцож байсан цистерн машин аюулгүй байдлаа бүрэн хангаагүй байснаас тухайн дэлбэрэлт болох үндсэн шалтгаан болсон гэдгийг дурдах нь зүйтэй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирогчдыг хохирогч, иргэний нэхэмжлэгч гэж хууль сануулж мэдүүлэг авсан байдаг. Иргэд тухайн үед бид хохирогч юм байна. Хохирогч учраас нэхэмжлэл гаргах эрхтэй юм байна гээд асуудалд тайван хандсан. Ийм ч учраас хэрэг хянан шийдвэрлэх үйл ажиллагааны явцад өмгөөлөгч аваагүй. Гэтэл хэргийг шүүхэд шилжүүлэх үедээ хавтаст хэргийн 47 дугаарт байгаа. Шүүхэд шилжүүлэх үедээ хохирогч, иргэний нэхэмжлэгчээр тогтоосон хүмүүсийг бүгдийг нь хохирогчоор бус иргэний нэхэмжлэгчээр тогтоогоод шүүх рүү шилжүүлсэн. Энэ үед хохирогчид иргэний нэхэмжлэгч гэдэг статусаа ойлгож эхэлсэн. Иргэний нэхэмжлэгч гэхээрээ гэмт хэргийн улмаас хохирсон хор уршгийг бүрэн нэхэмжлэх эрхгүй болоод ирж байгаа юм. Мөн 33 болон 36 дугаар хавтаст хэргүүдэд шинжээч томилсон тогтоолыг бүхэлд нь хүснэгтлээд тогтоолыг танилцуулсан. Шинжээчийн дүгнэлтийг хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт нэг бүрчлэн танилцуулаагүй. Зарим хүмүүст танилцуулахдаа нийтлэг байдлаар ихэвчлэн саналгүй гэж шинжээчийн дүгнэлт танилцуулсан. Гэтэл эдгээр хүмүүс ослын улмаас хохирсон хохирлоо бүрэн нэхэмжлэх боломжгүйгээр шүүх рүү шилжсэн. 35 дугаар хавтаст хэрэгт зарим иргэний нэхэмжлэгч нар шинжээчийн дүгнэлтэд гомдолтой байна. Дахин шинжээч томилуулмаар байна. Эд хөрөнгийн үнэлгээг дахин хийлгэмээр байна гэж дүгнэлттэй танилцах үедээ гарын үсгээ зурж үлдээсэн байгаа. Гэтэл үүн дээр ажиллагаа хийгээгүй. Өөрөөр хэлбэл, иргэний нэхэмжлэгч хохирогчдын хохирлоо бүрэн гаргуулж авах боломжгүй байдлаар хохирлын хэмжээг багаар тогтоож шүүх рүү шилжүүлсэн. Эд хөрөнгийн хувьд эдгээ хүмүүс маш их хохирол амссан. Гэр оронгүй бүтэн жил болж байна. Сэтгэл санаагаар маш их хохирсон. Гэтэл сэтгэл санааны хохирлыг огт тооцохгүйгээр шүүх рүү хэргийг шилжүүлсэн байна гэж үзэж байна. Иргэний нэхэмжлэгч статустай болсныг прокурор танилцуулаагүй. Үүн дээр хүсэлт гаргах эрхийг хангаагүйгээр шүүх рүү шилжүүлсэн байна гэж үзэж байна. Дараагийн асуудал Дашваанжил ХХК-ийн нэр дээрх үл хөдлөх болон эд хөрөнгийг жагсаалтыг 2024 оны зургадугаар сарын 6-ны өдөр улсын мөрдөгчийн тогтоол гарч Улсын бүртгэлийн газар руу явуулсан байдаг. Гэтэл битүүмжилсэн тогтоол нь үүнээс хойш 2024 оны арваннэгдүгээр сарын 1-ний өдөр тогтоол нь гарсан. Хэрэг үйлдэгдсэнээс хойш 10-11 сарын дараа Дашваанжил ХХК-ийн эд хөрөнгийг битүүмжилж байгаа нь Дашваанжил ХХК энэ хугацаанд эд хөрөнгөө ямар нэгэн байдлаар барьцаанд тавих, бусдын нэр рүү шилжүүлэх, шилжилт хөдөлгөөн хийсэн байхыг үгүйсгэхгүй.  
13:40 цаг:
Улсын прокурор Баярхүү: Гаргасан хүсэлтийг багцлаад нэг тайлбар хэлье. Гаргаад байгаа хүсэлтүүд нь гэм буруугийн хуралдаан шиг явагдаад байгаа юм уу. өөрөөр хэлбэл Эрүүгийн тухай хуулийн 10.3-аар прокуророос зүйлчилсэн зүйлчлэл буруу байна. Эрүүгийн хуулийн 27-д заасан эрүүгийн шинжтэй асуудал байна гэдэг агуулгыг ярьж байгаа. Шинжээчийн дүгнэлт нь өөрөө жолооч Ч.Ренчиндоржийн үйлдэл буруугүй байна гээд гарчихсан. Нөгөө талаасаа Э.Мөнхнаран гэдэг хүн буруутай гэдэг зүйл яриад байна. Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр хэргийн зүйлчлэлийн асуудал огт яригдахгүй. 
14:00 цаг:
Улсын прокурор Өнөрбаяр: Хохирогч Дөлбадрах гэдэг хүнтэй холбоотой ХХЕГ-аас ирүүлсэн албан бичиг нь БНХАУ-д эмчлүүлж байгаа тул өнөөдрийг хүртэл хилээр нэвтэрч орж ирээгүй лавлагаа бий. 
Хэргийг эхлээд зам тээврийн осол байж болзошгүй гэдэг үндэслэлээр шалгасан. Зам тээврийн ослын хэргээр цуглуулсан баримтыг үндэслэн зүйчлэлийг өөрчилсөн. Тухайн хууль болон захиргааны хэм хэмжээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, эс үйлдэхүйн улмаас тухайн гэмт хэрэг үүссэн байна. Энэ нь өөрөө Хөдөлмөрийн аюулгүй байдлын тухай хуулийн дүрэм журмыг зөрчсөн байна гэдэг үндэслэлээр нэр бүхий хоёр хүнийг яллагдагчаар татаж ирүүлсэн байгаа. 
Энэ хэрэгт 50 хүний бүрэлдэхүүнтэй шинжээчийн баг зургаан объектод шинжилгээ хийгээд холбогдох дүгнэлтүүдийг гаргасан.  
14:30 цаг:
Ч.Ренчиндоржийн өмгөөлөгч Бат-Ерөөлт: Овоо босгоогүй бол шаазгай хаанаас суух вэ. Гэтэл та нарын хэргийг оруулж ирсэн байдлаас харахаар овоо нь шаазгайн дээрээ суучхаад байна. Хоёр жолооч хоёулаа дүрэм зөрчөөгүй гээд байгаа. Шинжлэх ухааны тусгай мэдлэгээр гаргасан шинжээчийн дүгнэлтийн төгсгөл хэсгээс харахад Э.Мөнхнаран жолоочийн дадлага туршлага аюулыг мэдрэх туршлага дутсан гээд байгаа. Тэр аюулыг мэдрэх гэдэг нь үүнийг мөргөх үү, шүргэх үү гэдгийг мэдрэх гэж та өөрөө тайлбарласан шүү. Энэ чинь өөрөө замын хөдөлгөөн гэдэг багц ойлголт, аюулгүй байдлыг хангах жолоочийн үүргийн аюулгүй байдал тохиолдвол тээврийн хэрэгслийг зогсоох, аюул саадыг тойрох, самбаачлах хугацаа зэргийн агуулга дотор энэ дадлага туршлага нь байж байдаг. Харин Ренчиндоржийн хувьд замын хөдөлгөөний дүрэм зөрчөөгүй гэсэн дүгнэлт гарсан. Дадлага туршлага, аюулыг танин мэдэх чадвар дутсан гэдэг дүгнэлт гараагүй байхгүй юу. Дутсан, дутаагүй гэдэг дээр гол агуулга нь замын хөдөлгөөний хэрэг мөн биш гэдэг дээр бид маргаагүй. Үнэхээр энэ ослын шалтгаан миний үйлчлүүлэгчтэй холбоотой юу гэдгийг тогтооход нотлох баримт хүрэлцэхүйц байдал хүрэлцэхгүй байна гэсэн болохоос гэм буруутай юу, үгүй юу гэдэг дээр бид огт маргаагүй. 
15:10 цаг: 
Улсын прокурор Өнөрбаяр: Бид өөрсдийн боломжоороо 84 төрлийн шинжээчийн дүгнэлт гарсан. Энэ бүх зардал төрөөс гарсан. Эдгээр зардлыг ямар нэгэн компани, ямар нэгэн хариуцагч хариуцаж төлөөгүй. Сайнбаяр өмгөөлөгчийн гаргаж ирж байгаа өнцгүүд их сонин биелэгдэх боломжгүй асуудлууд үүссэн. Э.Мөнхнаран гэж хүнийг ямар ямар тээврийн хэрэгсэл унаж байсныг тогтоох, Мөнхнарангийн сэтгэл хөөрлийг тогтоох. Тийм дүгнэлт гаргаад ямар ач холбогдолтой гэж үзэх вэ. Тэр нь хэрэгт ямар ач холбогдол, хамааралтай вэ. Гамшиг судлалын үндэсний төвийн аюулгүй байдлын үнэлгээний нэгдсэн төвийн 2024 оны хоёрдугаар сарын 1-ний өдрийн 12/30 дугаартай дүгнэлт гарсан. Энэ дүгнэлтээр гал юунаас эхэлж гарсан бэ гэдгийг тогтоохоор шинжээч томилсон. Гэвч бүхий л хавтаст хэрэгт авагдсан баримтуудыг үзээд энэ гал яг юунаас гарсан нь тогтоогдохгүй байна гэдэг дүгнэлт гарсан. Цаашид ч тогтоох боломжгүй гэдэг дүгнэлт гарсан. Энэ дүгнэлт гарснаар гал яг хаанаас гарсныг тогтооход хүндрэлтэй байна гэж үзсэн. 
15:25 цаг: 
Амь хохирогч онцгой байдлын алба хаагч Ш.Амгаланбаярын ар гэрийн өмгөөлөгч: Улсын яллагчийн дүгнэлттэй танилцсан. Шүүгдэгчийн өмгөөлөгчдийн гаргаж байгаа зарим хүсэлтийг үндэслэлтэй гэж харж байгаа. Өөрөөр хэлбэл яллах дүгнэлтэд дурдсан үндэслэлд яллагдаж байгаа хэргийн зүйчлэл, хэрэг гарсан нөхцөл байдлыг тогтоосон байдлууд хоорондоо авцалдаж байгаа юу. Хэргийг эцсийн бүлэгт шийдвэрлэх боломжтой юм уу гэдэг эргэлзээ бүхий байдлууд тогтоогдож байна гэж харж байна. Ямар үндэслэлээр ингэж яриад байна вэ гэхээр яллах дүгнэлт болоод хавтаст хэргийн дүгнэлтээр хоёр автомашин шүргэлцсэний улмаас их хэмжээний шингэрүүлсэн хий алдагдаж, гал гарах нөхцөл болсон гэж дүгнэсэн байгаа. Хоёр автомашин шүргэлцсэн. Тэгвэл шүргэлцсэн юм бол зам тээврийн осол гарчээ. Өөрөөр хэлбэл аль нэг этгээд нь замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийг зөрчсөн ийм л нөхцөл байдал. Гэхдээ үүн дээр шинжээчид дүгнэлт гаргахдаа нэг тээврийн хэрэгслийн жолооч нь замын хөдөлгөөний дүрэм зөрчөөгүй байна. Патролын жолоочийг болохоор мэдлэг ур чадварын дутагдалтай гээд гаргачихсан. Эргэлзээ бүхий үндэслэлгүй дүгнэлт гаргачихсан. Үүнээс болоод хэргийг үнэн зөвөөр, бодит нөхцөл байдлаар шийдвэрлэх боломжгүй нөхцөл байдал үүсээд байгаа гэж харж байна. Мэдээж хэрэг гарсан байдал, хэргийн нөхцөл байдлыг тал бүрээс нь бүрэн хянаж тогтоосны эцэст тухайн гэмт хэргийг хэн үйлдэв. Юунаас болж энэ гэмт хэрэг гарав. Хэргийн зүйчлэл юу байх ёстой вэ гэдгийг тогтоох ёстой. Үүний үндсэн дээр хохирлыг хариуцвал зохих этгээдийг зөв тогтоож тодорхойлсноор хохирогчдод үүссэн хор хохирлыг барагдуулах нөхцөл байдал бий болно. 
15:35 цаг  
Номин даатгал компанийн өмгөөлөгч Давааням: Иргэний хариуцагч Дашваанжил ХХК-ийн өмгөөлөгчийн зүгээс иргэний нэхэмжлэгч даатгалын компаниудтай холбоотой хэргийг тусад нь Иргэний хэргийн шүүхэд хянан шийдвэрлэгдэх боломжтой гэсэн тайлбар хэлсэн байна. Энэ үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 2 дах хэсэгт тухайн Эрүүгийн хэрэгтэй холбоотой иргэний нэхэмжлэлийг хамтад нь шийдвэрлэнэ гэж заасан. Тиймээс иргэний хариуцагчийн тайлбар үндэслэлгүй гэж үзэж байна. Нөгөөтээгүүр иргэний хариуцагч Дашваанжил ХХК-ийн өмгөөлөгчөөс бас нэг асуудал ярьсан нь үндэслэлтэй гэж үзэж байна. Тэр юу вэ гэхээр иргэний нэхэмжлэгчээр тогтоогдоод байгаа орон сууцны өмчлөгч, эзэмшигч иргэдтэй холбоотой хохирлын тооцоон дээр иргэний нэхэмжлэгчээр оролцох хүсэлт гаргасан Номин даатгал болон тус хэрэгт иргэний нэхэмжлэгчээр тогтоогдсон явж байгаа бусад даатгалын компаниудын хохирлын тооцоо давхацсан байхыг үгүйсгэхгүй. Учир нь Номин даатгал компанид даатгуулагч 01 тоотын Амгаланд 145 сая 820 мянга, 16 тоотын оршин суугч даатгуулагч О.Ганболдод 126 сая 340 мянган, 41 тоотын оршин суугч даатгуулагч Ванчиндоржид 138 сая 974 мянган төгрөг буюу нийт 411 сая 134 мянган төгрөгийг даатгалын нөхөн төлбөрийг олгосон. Нэгэнт олгогдсон даатгалын нөхөн төлбөрийн хэмжээ орон сууцны үнэлгээний хохирол дээр давхцаад тооцогдчихсон. Энэ асуудлаар заавал нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийхгүйгээр шүүх өөрөө тооцоод явуулах боломжтой гэж үзэж байна. Тиймээс энэхүү эрүүгийн хэрэг дээр иргэний нэхэмжлэгчээр тогтоогдсон иргэний нэхэмжлэгчийн асуудлыг цугт нь шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлтэй байна. 
15:40 цаг:
Глобал бридж компанийн өмгөөлөгч Б.Солонго: Хүсэлт өгсөн Бат-Ерөөлт болон Даваахүү өмгөөлөгчийн саналыг дэмжиж байна. Прокурорын зүгээс иргэний нэхэмжлэлтэй холбоотой хэсэгт тайлбар өг гэснийг эсэргүүцэж байна. Яагаад гэвэл хохирогчид хурдан шийдвэрлэхийг хүсэж байгаа боловч Эрүүгийн хуулийн 1.3-т заасан шударга ёсны зарчмыг хүсэж байна. Өөрөөр хэлбэл, Патролын жолооч буюу онцгой байдлын талаар ярьсан. Патролын жолооч Батлан хамгаалах яамны жолооч буюу төрийн байгууллагын жолооч. Төрийн байгууллагын жолооч нэгдүгээрт ур чадвар дутсан. Ур чадвар дутсан хэр нь замын хөдөлгөөний дүрэм зөрчөөгүй учраас татаагүй гэдэг тайлбар прокурор хэлж байна. Энэ бол үндэслэлгүй. Яагаад гэвэл Эрүүгийн хуулийн 2.2 дээр болгоомжгүй үйлдэл гэж байгаа. Болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүй гэж хоёр юм байна. Тэгэхээр Патролын жолооч болгоомжгүй үйлдлийнхээ улмаас хайхрамжгүй хандсаныхаа улмаас энэ хэрэгт хохирол учруулсан байна гэж үзэж байна. Патролын жолооч Мөнхнаранг оруулж ирсэн нь яагаад иргэний нэхэмжлэгчийн хэлэх тайлбартай холбогдоод байна вэ гэхээр Патролын жолооч төрийн байгууллагын албан хаагч. Иргэний хуулийн 498.2-оор хэрэв Патролын жолооч буруутай байхын бол төр хариуцах үр дагавар үүснэ. Магадгүй энд хардах эрхийнхээ хүрээнд харахад өнөөдрийн гаргаж өгч байгаа баримт, прокурорын гаргасан тайлбарын хүрээнд харахад Батлан хамгаалах яамны машин болохоор цааш нь шалгаагүй юм байна. Яагаад гэвэл тээврийн хэрэгслийг эзэмшигч нь тодорхой байна. Гаргасан эс үйлдэхүй нь тодорхой байна. Болгоомжгүй үйлдэл буюу хайхрамжгүй хандаад хоёр машин мөргөлдөж процесс бол нийтэд илэрхий үйл баримт. Нийтэд илэрхий үйл баримтын улмаас энэ олон хохирогчид хохирол учруулчхаад байхад гарсан дүгнэлт нь ур чадваргүй гэж гарсан. Гэтэл энэ болгоомжгүй үйлдэл нь өөрөө хаашаа явах юм бэ. Тэгэхээр үүн дээр Даваахүү болон Бат-Ерөөлт өмгөөлөгчийн гаргаж байгаа үндэслэлтэй байгаа.
15:47 цаг: 
Хурлыг даргалагч шүүгч: 16:20 цаг хүртэл шийдвэр гаргахаар завсарлага авч байна.
16:30 цаг:
Хурлыг даргалагч шүүгч: Нэмэлт мөрдөн байцаалтад буцааж шийдвэрлэлээ.
Сэтгэгдэл бичих
Image
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.09,10
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.24, 25
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.11 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.07 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.24 18:00