Dark Light
Нийтлэл | 2025-04-28

Н.ЭРДЭНЭХҮҮ: П.БАТЧУЛУУН ЭМЧИЙН ЯЛЫГ ХЭВЭЭР ҮЛДЭЭВЭЛ ЭНЭ НЬ ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРТ НОГДУУЛСАН ЯЛ БОЛНО

СЭТГҮҮЛЧ | С.ОТГОНБАЯР
Image
ХСҮТ-ийн захирал, анагаах ухааны доктор, дэд профессор Н.Эрдэнэхүүтэй ярилцлаа.
-Сүүлийн үед үүсээд байгаа нөхцөл байдал эрүүл мэндийн салбарт томоохон хүндрэл үүсгэх, олон муу үр нөлөө авчрах шинжтэй байна. Та эрүүл мэндийн салбарын нэгэн томоохон төлөөллийн хувьд үүнийг юу гэж харж байна вэ?
-П.Батчулуун эмчийн асуудал маш харамсалтай, эмгэнэлтэй асуудал. Эрүүл мэндийн салбарын хувьд олон эмч, эмнэлгийн ажилтнуудын хүний төлөө гэсэн сэтгэл рүү ус цацсан, бохирдуулсан үйл ажиллагаа боллоо. Бидний хувьд харамсалтай байгаагаа илэрхийлсэн. Эмч, эмнэлгийн ажилтнууд бүгд байр сууриа илэрхийлэх үйл явц өрнөж байна. Хамгийн гол нь бид бүхэн үүнд буруутай юу гэдэг асуудал яригдаж байна. Бид ажлаа хийж байгаад, хүний амь аврах гэж ажиллачхаад буруутай юу гэвэл эмч эмнэлгийн байгууллагын ажилчид 100 хувь буруугүй гэдгээ бүгд хамгаална. 
-Эрхтэн шилжүүлэх мэс заслыг монголдоо хийх болсноор олон дэвшилт эрүүл мэндийн салбарт гарсан. Гэтэл энэ үйл явдлаас болоод буцаад ухрах түвшинд хүрсэн мэт ажиглагдаж байна л даа?
-Дэлхий дээр эрхтэн шилжүүлэх ажиллагаа өчнөөн жилийн өмнөөс эхэлсэн. 1954 оноос бөөр шилжүүлэх ажиллагаа эхэлсэн. Гэтэл бөөр шилжүүлэх ажиллагаа Монгол Улсад өчнөөн жилийн дараа буюу 1996 оноос орж ирсэн. Түүнээс хойш бид бөөр шилжүүлдэг болоод, бөөрний дутагдалтай хүн тэр дороо нас бардаггүй, диализид орж байгаад бөөрөө шилжүүлээд 10, 20, 30 жил хүртэл амьдрах бололцоотой болж, хүнд амьдрал бэлэглэх явц Монгол Улсад, эрүүл мэндийн салбарт нутагшлаа. Элгээ солиулах гээд л бид гадагшаа асар их мөнгө төлөөд явдаг байсан. Гэр бүлээрээ, үр хүүхдээрээ 100 мянган ам.доллар, 150 мянган ам.доллар төлдөг гэх домог шиг зүйлүүд яриад л, тэндээ очоод өчнөөн мөнгө төгрөг төлөөд явдаг байсан. Тэгж явахаа болиод монголдоо эмнэлгийн тусламж аваад, тэр эмнэлгийн тусламжийнхаа үр дүнд амьд гараад, ямар нэгэн хүндрэл учирвал өөрсдийнхөө, Монгол Улсынхаа эмнэлэгт хянуулаад, мэс заслын дараах хяналтуудаа удаан хугацаанд ч гэсэн эндээ хийгээд явдаг болсон. Гэтэл ганцхан элэг шилжүүлэх биш тэр мэс заслын дараах тэр олон хяналтуудыг гадагшаа явж мөнгө төлөн хийлгэнэ. Онгоцоор байнга ниснэ. Зарим нь тэр мөнгөө төлж чадахгүй гадагшаа явж чадахаа больсноос нөгөө хийсэн эмчилгээ үр дүнгүй болдог тохиолдлууд байсан. Энэ зүйлүүдийг манай эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд эрүүл мэндийн салбарт Нэгдүгээр эмнэлэг, Хавдар судлалын үндэсний төв гэх мэт энэ олон эмнэлгүүд, эмч мэргэжилтнүүд бий болгосон юм аа. Тэр ач гавьяаных нь үр дүнд өнөөдөр Нэгдүгээр эмнэлэгт 300 хүнд элэг шилжүүлчихсэн. Хавдар судлалын үндэсний төвд 200 хүнд элэг шилжүүлчихсэн. Тэдгээрийн нас баралт нь дэлхийн түвшнээс бага. Өнөөдөр ийм түвшинд явж байна. Олон хүнд амьдрал бэлэглэлээ. Тэр зүйлийг санаачилсан, тэр зүйлийг зохион байгуулсан хүнээ шоронд хорьчхоод сууж байгаа. Шоронд хорьчхоод байгаа гол асуудлыг бид бүхэн юу гэж харж байна вэ гэвэл Монгол Улсад хариуцлагагүй, зохион байгуулалтгүй, хэн нэгэн дарга юм уу, өөрийн өнгө үзэмжээрээ шийддэг энэ үйл ажиллагаанууд удаан хугацаанд явагдсан. Бүх юмны нарийн зохион байгуулалт байдаггүй. Ингэвэл яах вэ, тэгвэл яах вэ, түүнийг яаж засах вэ гэдэг эсвэл тэр тохиолдолд үүнийг яаж шийдэх вэ гэдгээ бид хэчнээн хууль нь гарсан ч журмаараа шийдэж чадахгүй, журмыг нь гаргадаггүй. Эсвэл хууль нь байдаггүй. Тийм ч учраас байгаа хуулиараа буюу гэмт хэрэгтнүүдэд зориулсан хуулиараа хүний амь аврах гэж хийсэн зүйлийг Эрүүгийн хууль руу чихэж аваачиж байгаа нь харамсалтай гэж бид үзэж байна. Аливаа хуульч, шүүгч энэ бүхнийг олж харах байх гэж найдаж байна. Улсын дээд шүүх үүнийг хараасай гэж бид хүсэж, итгэж байгаа. 
-Өнөөдрийн байдлаар олон улсын эрхтэн шилжүүлэн суулгах чиг хандлага ямар болсон бэ. Монгол Улс тэдний хаана яваа вэ?
-Эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагаа өөрийнхөө хөгжлийн замаар л явдаг. Улс орны эдийн засгийн хөгжил ямар байхаас хамаараад улс орнуудад өөр өөрийн хөгжлийн замаар явагддаг. Өндөр хөгжилтэй улс орнууд амьд донороос эрхтэн шилжүүлэхээ больчихсон. Элэг шилжүүлэн суулгах АНУ-д хийгдэж байгаа нийт хагалгааны 93-94 хувь орчим нь тархины үхэлтэй, нас барсан донороос авч хийж байна. Зөвхөн 6 хувь нь ойрын хамаатан болох гэр бүлийн хүн, үр хүүхдээс нь донор болгож хийдэг болсон. Амьд донороос шүү. Өнөөдөр манайд 97-98 хувь нь амьд донороос хийгдэж байна. Амьд донороос эрхтэн шилжүүлэх үйл ажиллагааг бид хөгжлийн эхний шат гэж үзэх ёстой болохоос цаашдаа амьд донороос биш өнөөдөр бид буруудаад, П.Батчулуун эмч буруудчихаад байгаа тархины үхэлтэй донороос эрхтнүүдийг нь аваад, амьдрах боломжтой эмчилгээ хийлгээд босоод ирэх боломжтой амьдралын эцсийн мөчид эрхтэн хэрэгтэй байна гээд хүлээж байгаа тэр хүмүүст тэрхүү эрхтнийг нь суулгаснаараа аврах бололцоо гарч байгаа. Тархины үхэлтэй донор гэдэг нь нас барчихсан хүн. Нас барчихсан хүнийг бид хиймлээр цусыг нь эргэлдүүлээд, хиймлээр амьсгалуулаад, нөгөө эрхтнүүд нь үхжихээс хамгаалаад эрхтнүүдийг нь ажиллуулахаар тэрхүү зохион байгуулалттай үйл ажиллагааг хийж байгаа. Мэргэжлийн баг очоод хийж байгаа тусламж үйлчилгээнд тэр хүн амьд байсан, эсвэл амьд хүнийг ингэдэг юм байна, нас барсан хүнийг эмч нар тоноод байдаг юм байна гэх мэт буруу ойлголтууд их байна. Нэгэнт нас барчихсан бол бид ямар ч эрхтнийг авах бололцоогүй. Яагаад гэвэл клиникийн үхэл, биологийн үхэл гэж байдаг. Биологийн үхэлд орчихсон бол тэр эрхтэн ямар ч хэлбэрээр дахин ашиглагдах боломжгүй. Харин нас барчихсан клиникийн үхэлтэй тэр хүнийг цусыг нь эргэлдүүлж байгаад, үхүүлэхгүй, эд эрхтнийг нь үхүүлэхгүй байлгаж байгаад, маш хурдан хугацаанд буюу 6 цагийн дотор шаардлагатай байгаа хүнд нь суулгаж хүний амийг авардаг. Ийм л үйл ажиллагаа болдог. Бид дэлхийгээс хоцорч байгаа нь үнэн. Дэлхийгээс хоцорч байгаа үйл явцыг саяны үйл явдал бүр хойш нь татлаа. Яагаад гэвэл бид амьд донороос эрхтэн шилжүүлэхээс гадна, хажуугаар нь цөөхөн ч гэсэн тархины үхэлтэй донороос эрхтэн авч шилжүүлдэг байлаа. П.Батчулуун эмчтэй холбоотой асуудал үүссэнээс хойш тархины үхэлтэй донороос ямар нэгэн эрхтэн шилжүүлэх мэс засал хийгдсэнгүй. Гэтэл дэлхий дээр 90-ээд хувь нь тархины үхэлтэй донороос шилжүүлдэг. Ийм хөгжилд хүрчихсэн байхад бид бүхэн тархины үхэлтэй донороос тэрийг нь авсан, энийг нь аваагүй гэдэг байдлаар хоорондоо хэлэлцэж, тэр үйл явдлыг ойлгоогүй хүмүүсийн үг ярианаас үндэслээд шүүх шийдвэрээ гаргаад, тэр шийдвэрийн үр дүнд хүний амь аврах гэж ажлаа хийсэн эмчид ял өгчихлөө. Өөртөө ашиг хонжоо хийж, наймаа хийнэ гэх мэтээр хүмүүсийн таамаглаж худлаа яриад байгаа энэ асуудалд хүрээгүй. Насан туршдаа өөрийнхөө хөдөлмөрийг хүний төлөө зарцуулж байсан хүн шүүхийн хаалга татаад, шоронд 2.9 жилээр шийтгүүлээд, хоригдож байгаад бид харамсаж байна. Айж байна. Цаашдаа энэ хүн хэрвээ буруутай гэвэл эрүүл мэндийн салбарын энэ үйл ажиллагааг хийж байсан хүмүүс, эхлүүлсэн хүмүүс бүгд буруутай юм байна гэсэн шийдвэр болно. Тийм ч учраас энэ шийдвэрээ шүүх эргэж харах байх гэж найдаж байна. Тэр дундаа эрүүл мэндийн салбарын ажилчид цаашдаа ажлаа хийх, хүний амь аврахдаа шинэ технологи нэвтрүүлэх, дэлхийд гарсан технологиос хоцорчхоод, шинэ технологи гэж нэрлэгдэхээ болиод дэлхий дээр өргөн хэрэглэгдэх болсон технологиудыг Монгол Улсдаа нутагшуулах үйл ажиллагаанд ямар нэгэн саад болохгүй байх хуулийн заалтуудыг, эмч эмнэлгийн мэргэжилтнүүдийн эрх зүйн байдал хөндөгдөхгүй байх тэр зүйлүүдийг боломжтой хуулиудад нь хаана байх ёстой юм тэр дүрэм журамд нь оруулах байх гэж найдаж байна. Үүнийг хийх ёстой хүмүүс нь хийх байх. Эмч хүн хүний амь аврах гэж л ажлаа хийдэг. Тэр зорилго нь хүний амины төлөө байсан. Тэр хүнээс ашиглагдаж, тэр хүнээс бусад хүний амийг аврахад хэрэглэгдэж болох, миний эрхтнийг алийг нь ч авсан болно гэдэг зөвшөөрөл өгдөг дэлхий дахины жишгийг хууль журамдаа оруулаасай гэж бид хүсэж байгаа. Ийм зохицуулалт Донорын тухай хуульд орох байх гэж найдаж байна. 
-ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл П.Батчулуун эмчийг хорихоос суллагдах хүнд төрлийн өвчин туссан тул суллуулах тухай прокурорт мэдээлэл хүргүүлсэн. Прокурорын шатанд хянагдаж байгаа гэх утгатай мэдээлэл хийсэн. Харин П.Батчулуун эмчийн өмгөөлөгчдийн үзэж байгаагаар энэ нь Батчулуун эмчийн эрх зүйн байдлыг доройтуулсан, өгсөн ялыг хэвээр үлдээх шийдвэр гэж үзэж байгаа юм билээ. Хэрвээ цагаатгахгүй сайдын хэлснээр суллагдвал эрүүл мэндийн салбарт ямар хүндрэл учрах вэ?
-П.Батчулуун эмчид ногдуулсан энэ ялыг хэвээр нь үлдээвэл энэ нь эрүүл мэндийн салбар, анагаах ухааны салбарт ногдуулсан ял болно. Тэр тусмаа эд, эс, эрхтэн шилжүүлж байгаа энэ салбарт ногдуулсан ял болж хувирна гэж харагдаж байна. Яагаад гэвэл энэ ялыг эрүүгийн гэмт хэрэгтэн гэж эрүүл мэндийн салбарын шинэ хөгжил, шинэ технологи хэрэгжүүлэх, олон хүний амь аврах үйл ажиллагаа нь буруу хийгдэж байсан, та бүхэн буруу үйл ажиллагаа хийж байжээ гэсэн ял болно гэж харж байна. Ялангуяа хэрвээ энэ ялыг хэвээр нь үлдээсэн тохиолдолд бас нэг хариуцлага хүлээх, энэ ялыг хамт үүрэлцэх хүмүүс нь бөөр шилжүүлэн суулгуулахаар хүлээж байгаа 200 гаруй хүн, элэг шилжүүлэн суулгуулахаар хүлээж байгаа 600 гаруй хүн жишээ нь манай эмнэлэгт жагсаалтад орчихсон байгаа. Энэ хүмүүс мөн энэ ялыг хамт үүрэлцэж, зарим нь энэ тусламж үйлчилгээгээ авч чадахгүйгээр нас барах хүртэл хүндрэл учирна. Эрүүл мэндийн салбарт цаашдаа эрхтэн шилжүүлэх дараа дараагийн түвшинд хүрэх, хөгжлийнхөө дараа дараагийн үе шатад хүрэх үйл явц удааширна. Саатна. Цаашлаад дэлхийн хөгжлийг гүйцэхэд эрүүл мэндийн салбар тийм хурдан явж чадахгүй болов уу. Эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд, ялангуяа сайн мэргэжилтнүүдээ өөр улс оронд, эсвэл өөр чиглэл рүү алдах, энэ хүмүүсийн сэтгэл санаа, урам зориг мохсоноос болоод илүү юм хийчих вий гэхээс айж, ерөнхийдөө дундаж эмч мэргэжилтнүүд болж хувирах аюултай гэж л харж байна даа. 
Сэтгэгдэл бичих
Image
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.09,10
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.24, 25
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.11 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.07 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.24 18:00