Dark Light
Эрүүл мэнд | 2025-07-28

Ж.ЧИНБҮРЭН: D ВИРУСИЙН ЭМИЙГ АСАР ХЯМД ҮНЭЭР АВАХААР АЖИЛЛАЖ БАЙНА

СЭТГҮҮЛЧ | Б.АМАРТҮВШИН
Image
ЭМЯ-наас "Вируст гепатиттай тэмцэх дэлхийн өдөр"-ийн талаар мэдээлэл хийлээ.Энэ үеэр Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн дараах мэдээллийг өглөө.

2017 онд Монгол Улс “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн. Энэ хүрээнд В, С вируст халдвартай иргэдийн өвчлөлийн түвшин, тархалтыг судалж, орчин үеийн эмчилгээний арга технологийг нэвтрүүлэх ажил эхэлсэн.

Хөтөлбөрийн эхний үе шатанд С вирусийн эсрэг тэмцэлд анхаарсан. Давхардсан тоогоор 2.4 сая иргэнээс шинжилгээ авч, С вирусийн халдвар байгаа эсэхийг тодорхойлсон. 2020 оноос өмнө богино хугацаанд шинжилгээ хийж, тархалтыг үнэлж чадсан.

С вирусийг бүрэн устгах боломжтой эм гарсан. Энэхүү эмийн патентыг эзэмшигч Gilead компанитай Монгол Улс тусгай гэрээ хэлэлцээр хийж, 99 хувийн хөнгөлөлттэй үнээр эмийг нэвтрүүлсэн. АНУ-д нэг курс эмчилгээ 90 мянган ам.долларын үнэтэй байдаг бол Монголд анх 750 мянган төгрөгөөр, дараа нь 400 мянган төгрөгөөр олгогдож, улмаар төрөөс бүрэн үнэ төлбөргүй эмчлэх боломж бүрдсэн.

Эрүүл мэндийн даатгалаараа дамжуулан 55 мянга гаруй иргэн үнэ төлбөргүй эмчлүүлсэн. Мөн өөрсдөө хөнгөлөлттэй үнээр эмчилгээнд хамрагдсан иргэдийг нэмбэл нийт 100 мянга орчим хүн С вирусийн эмчилгээнд хамрагдсан байна. Энэ нь ирээдүйд элэгний хорт хавдартай болох эрсдэлтэй 100 мянган иргэнийг урьдчилан сэргийлэхэд чиглэсэн маш том алхам болсон.

Харин В вирусийг бүрэн устгах эм одоогоор гараагүй. Гэхдээ дарангуйлах эмчилгээ байдаг бөгөөд энэ эмчилгээг Эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлж байна. В вирусийн халдвараас урьдчилан сэргийлэх гол арга бол вакцинжуулалт юм.

Нярай хүүхдэд төрснөөс хойш 24 цагийн дотор хийсэн вакцинаар В вирусийн халдвараас үр дүнтэй сэргийлж чадна. Учир нь тав хүртэлх насны хүүхэд халдвар авбал архаг хэлбэрт шилжих магадлал 90 хувь байдаг бол насанд хүрэгчдийн хувьд энэ хувь 20 орчим байдаг.

Эхээс урагт халдвар дамжих магадлал өндөр тул жирэмсэн эмэгтэйчүүдийг В, С вирусийн халдварын хувьд заавал шинжлүүлэх шаардлагатай. Монголд В вирусийн халдварын тархалт 10 орчим хувьтай байдаг бөгөөд энэ нь төрөх үеийн халдвар дамжилтын гол шалтгаан болдог.

Мөн D вирусийн асуудалд онцгой анхаарах шаардлагатай. Монгол Улс элэгний В, С вируст халдвартай иргэдийн тоогоор дэлхийд дээгүүрт ордог. В вирустэй иргэдийн дунд D вирус давхар тохиолдох хувь өндөр бөгөөд зарим судлаачийн үзэж байгаагаар 70 хувьд хүрдэг бол бодит байдалд энэ хувь 60–65 орчим байдаг.

D вирус нь дэлхийн олон оронд өргөн тархаагүй тул эмчилгээний хөгжүүлэлт харьцангуй хожуу эхэлсэн. 2018–2019 онд ОХУ, ХБНГУ-ын эрдэмтэд хамтран эмийн туршилт хийж, үр дүнтэй дарангуйлах эм гаргасан. Гэвч уг эм В вирусийг бүрэн устгахгүй, зөвхөн дарангуйлдаг. Эмийг анх зөвхөн ОХУ-ын иргэдэд зориулан үйлдвэрлэж байсан ч хожим Gilead компани патентыг худалдан авч, дэлхий даяар худалдаалж эхэлсэн.

Эмийн өртөг өндөр боловч Монгол Улс 2023 оноос эхлэн тус компанитай хэлэлцээр хийж, боломжийн үнээр худалдан авч хэрэглэж эхэлсэн. Тодруулбал, Монгол Улс 10 орчим тэрбум төгрөгөөр D вирусийн эм худалдан авч, 2026 оноос энэ төсвийг хоёр дахин нэмэгдүүлэхээр болсон.

Мөн D вирусийн эмийг дотооддоо хөгжүүлэх судалгааг ХӨСҮТ, ХСҮТ БНХАУ-ын компанитай хамтран хийж байна. Монгол Улс эмийн хөгжүүлэлтэд шууд оролцож байгаа тул ирээдүйд хямд өртгөөр авах боломж бүрдэх юм.

D вирус нь элэгний хавдрын явцыг хурдасгадаг. В вирусийн халдвартай хүн D вирус давхар авбал 5–7 жилийн дотор элэгний хорт хавдартай болох эрсдэлтэй байдаг.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.23 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.09 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.08 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13,14
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.31 17:00