2026 оны 1 дүгээр сараас 3 дугаар саруудын цаг агаарын урьдчилсан төлөвийг танилцуулж байна.
Сарын дундаж агаарын температур нэгдүгээр сард Баян–Өлгийн нутаг, Увсын хойд болон өмнөд, Завхан, Хөвсгөл, Сэлэнгийн ихэнх, Архангайн баруун, Төвийн зүүн хойд хэсгээр -26…-32°C, Говь–Алтай, Баянхонгор, Дорноговийн өмнөд, Өмнөговийн ихэнх нутгаар -12...-18°C, бусад нутгаар -18...-26°C, хоёрдугаар сард Баян–Өлгий, Увс, Завхан, Хөвсгөлийн ихэнх, Архангайн баруун, Сэлэнгийн хойд, Төвийн зүүн хойд хэсгээр -22...-28°C, Говь–Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Дундговь, Дорноговийн өмнөд хэсэг болон Өмнөговийн ихэнх нутгаар -8...-14°C, бусад нутгаар -14...-22°C, гуравдугаар сард Баян–Өлгийн баруун өмнөд, Увсын хойд, Завханы зүүн, Хөвсгөлийн баруун хойд, Архангайн баруун, Төвийн зүүн хойд хэсгээр -14...-18°С, Ховдын хойд болон өмнөд, Говь-Алтай, Дундговийн ихэнх, Баянхонгор, Өвөрхангайн өмнөд, Өмнөговь, Дорноговийн нутгаар 0...-6°С, бусад нутгаар -6...-14°С тус тус хүйтэн байдаг байна.
Хур тунадасны хувьд нэгдүгээр сард Хангайн нурууны төгсгөл, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Дорнодын тал нутгаар 2–4 мм, бусад нутгаар 0–2 мм, хоёрдугаар сард Завханы зүүн, Архангайн өмнөд, Хөвсгөлийн баруун хойд, Сэлэнгийн зүүн, Төв аймгийн зүүн хойд хэсгээр 2–4 мм, бусад нутгаар 0–2 мм (Зураг 4а), гуравдугаар сард Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг болон Дорнодын тал нутгаар 4–6 мм, бусад нутгаар 0–4 мм ордог байна.
Нэгдүгээр сард: Агаарын дундаж температур Говь–Алтай, Баянхонгорын өмнөд, Өмнөговийн баруун хэсгээр олон жилийн дунджаас дулаан, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна. Нийлбэр хур тунадас Баян–Өлгийн нутаг, Ховд, Говь–Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр олон жилийн дунджаас бага, Хэнтий, Дорнод, Сүхбаатарын нутаг, Төвийн зүүн хэсгээр олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна.
Хоёрдугаар сард: Агаарын дундаж температур нийт нутгаар олон жилийн дунджийн орчим байх төлөвтэй байна. Нийлбэр хур тунадас Увс, Завханы нутаг, Ховдын зүүн хойд, Говь–Алтайн хойд хэсгээр олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна.
Гуравдугаар сард: Агаарын дундаж температур Дорнодын зүүн, Сүхбаатарын ихэнх, Дорноговийн өмнөд хэсгээр олон жилийн дунджаас хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна. Сарын нийлбэр хур тунадас Хэнтийн зүүн хэсэг, Дорнод, Сүхбаатар, Дорноговийн нутгаар олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна.
Зөвлөмж
Агаарын дундаж температур ихэнх хугацаанд ихэнх нутгаар ОЖД–ийн орчим байх боловч нэгдүгээр сард нутгийн баруун өмнөд хэсгээр дунджаас дулаан, гуравдугаар сард нутгийн зүүн өмнөд хэсгээр дунджаас хүйтэн байх төлөвтэй байна.
Харин хур тунадасны хувьд нэгдүгээр сард нутгийн баруун өмнөд хэсгээр дунджаас бага, Төвийн аймгуудын нутгийн зүүн, Зүүн аймгуудын нутгийн ихэнх хэсгээр дунджаас ахиу, 2 дугаар сард нутгийн баруун хойд хэсгээр, 3 дугаар сард нутгийн зүүн өмнөд хэсгээр дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим орох төлөвтэй байна.
Өвлийн саруудад төв болон зүүн аймгуудын нутгаар цас ахиу орж, цасны зузаан нэмэгдэх хандлагатай байгаа ба хаврын саруудад дээрх бүс нутагт хүйтэн байх төлөв ажиглагдаж байгаа тул эрс хүйтрэлт, цасан шуурга зэрэг цаг агаарын болзошгүй аюулаас сонор сэрэмжтэй байж, богино хугацааны цаг агаарын урьдчилсан төлөвийг байнга авч ашиглан, ажлаа төлөвлөхийг зөвлөж байна.
|
Эх сурвалж
| ЦУОШГ
|
АДМИН








Нийгэм




