Бүгд Найрамдах Киргиз Улс болон Монгол Улс хүүхдийн зүрхний мэс заслын салбарт хамтын ажиллагаагаа хөгжүүлэхээр тохиролцлоо. Киргиз Улсын Эрүүл мэндийн сайд Дамир Осмонов Монгол Улсаас тус улсад суугаа Элчин сайд Дэмчигийн Төгсжаргалтай аравдугаар сарын 6-ны өдөр уулзаж, эрүүл мэндийн салбар дахь хамтын ажиллагааны ирээдүйтэй чиглэлүүд болон хамтарсан төсөл хэрэгжүүлэх боломжуудыг хэлэлцлээ хэмээн Кабар агентлаг уламжлалаа.
Уулзалтын үеэр талууд хоёр улсын эрүүл мэндийн тогтолцоонд тулгарч буй ижил төстэй сорилтуудыг тэмдэглэв. Үүнд халдварт бус өвчний ачаалал их байгаа явдал болон алслагдсан бүс нутгийн хүн амд эмнэлгийн тусламж үйлчилгээг хүртээмжтэй болгох шаардлага багтсан бөгөөд энэ хүрээнд өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрүүл мэндийн салбарыг цахимжуулах, зайн оношилгоог (телемедицин) хөгжүүлэхэд онцгой анхаарал хандуулсан байна. Хамтын ажиллагааны нэг тодорхой чиглэл нь хүүхдийн зүрхний мэс заслыг хөгжүүлэх явдал юм. Монголын тал төрөлхийн зүрхний гажигтай, түүний дотор алслагдсан бүс нутагт амьдарч буй хүүхдүүдэд тусламж үзүүлдэг "Бундан – Зүрх мартахгүй" төслийн туршлагыг танилцууллаа.
Монголын талын мэдээлснээр 2020-2025 оны хооронд хүүхдүүдэд 1,610 гаруй хагалгаа, 60,000 гаруй эмнэлгийн үзлэг хийсэн бөгөөд энэхүү хөтөлбөрийн хүрээнд Киргиз улсаас 30 гаруй хүүхэд тусламж авсан байна. Сайд Дамир Осмонов хамтын ажиллагааг өргөжүүлэх саналыг дэмжиж, Киргизийн эрүүл мэндийн байгууллагад түшиглэн Монголын зүрхний мэс засалчдыг оролцуулсан дадлага сургалт, мастер классыг киргиз мэргэжилтнүүдэд зориулан зохион байгуулах боломжтойг тэмдэглэв.
Талууд мөн элэг шилжүүлэн суулгах салбарт хамтран ажиллах талаар хэлэлцсэн байна. Монголын тал мэргэжилтнүүдийг харилцан айлчлуулах, богино хугацааны зөвлөгөө өгөх, эмнэлгийн багуудын хооронд практик туршлага солилцох санал тавив. Киргиз улсад эрхтэн шилжүүлэн суулгах үйлчилгээ хөгжиж байгаа тул энэ чиглэлээр удаан хугацаанд идэвхтэй ажиллаж буй Монголын мэргэжилтнүүдийн туршлагыг судлах практик сонирхол байгааг сайд тэмдэглээд, Киргизийн Эрүүл мэндийн яамнаас Монгол руу эмч нарын баг илгээх болон Монголын хамт олныг эх орондоо хүлээн авч туршлага солилцоход бэлэн байгаагаа илэрхийлжээ. Үүнээс гадна талууд анагаах ухааны боловсрол, судалгаа, цахим эрүүл мэндийн чиглэлээр туршлага солилцох сонирхолтой байгаагаа илэрхийлсэн бөгөөд Киргиз улс цахим эрүүл мэндийг хөгжүүлэх, эмнэлгийн боловсон хүчнийг бэлтгэх, магадлан итгэмжлэх чиглэлээр хуримтлуулсан туршлагаасаа хуваалцахад бэлэн байгааг сайд онцолсон байна. Уулзалтын төгсгөлд талууд хэд хэдэн өндөр чадамжтай чиглэлээр ажлаа үргэлжлүүлж, хамтын ажиллагааны тодорхой хэлбэрүүдийг тодорхойлохоор тохиролцжээ
ТАТАР МАЙДАР







Эрүүл мэнд




