Монгол Улс эрхтэн шилжүүлэн суулгах мэс заслын тоогоор сүүлийн 3 жилд дэлхийд тэргүүлж байна
Ардын эмч, профессор Оргойн Сэргэлэн манай улсын элэг шилжүүлэн суулгах багийн түүхэн амжилт, ирээдүйн зорилтын талаар хуваалцлаа. Анх 2007 онд гахайд элэг шилжүүлэн суулгах туршилт хийж байсан эмч нар өнөөдөр 390 дэх хүндээ амьдрал бэлэглээд байна. Дэлхийн эрхтэн шилжүүлэн суулгах холбоо Монгол эмч нарын ур чадварыг өндөр хөгжсөн орнуудын түвшинд хүрснийг албан ёсоор үнэлсэн бөгөөд цаашид шинэ төв ашиглалтад орвол хагалгааны хүчин чадлыг даруй 4 дахин нэмэгдүүлэх боломжтойг тэрээр онцолжээ.
Маай урдаа барьдаг эмч нарын нэг болох Оргойн Сэргэлэн манай улсын эрхтэн шилжүүлэн суулгах салбарын хөгжил болон олон улсын түвшинд хүрсэн амжилтын талаар мэдээлэл өглөө. Тэрээр хэлэхдээ, манай баг хамт олон анх 2007 онд гахайд элэг шилжүүлэн суулгах туршилтын мэс заслыг хийж байсан бол өнөөдөр аль хэдийн 390 дэх хүндээ элэг шилжүүлэн суулгах хагалгааг амжилттай гүйцэтгээд байна гэв.
Эрхтэн шилжүүлэн суулгасан нэг сая хүнд ногдох тоогоороо Монгол Улс сүүлийн гурван жилийн хугацаанд дэлхийд тэргүүлж байгаа бахархам амжилтыг үзүүлж байгааг тэрээр онцоллоо. Мөн Дэлхийн эрхтэн шилжүүлэн суулгах холбооны хурлын үеэр тус холбооны Ерөнхийлөгч Монгол Улс, тэр дундаа Улсын Нэгдүгээр Төв Эмнэлгийн багийг элэг шилжүүлэн суулгах эмчилгээг өндөр хөгжсөн орнуудын түвшинд хүргэж, эх орондоо бүрэн нутагшуулж чадсан хэмээн өндөр үнэлсэн байна.
Цаашид шинээр төлөвлөгдөж буй Эрхтэн шилжүүлэн суулгах төв ашиглалтад орвол одоо сард 6 хүнд хийж байгаа хагалгааны хүчин чадлыг нэмэгдүүлж, долоо хоногт 6 хүнд мэс засал хийх бүрэн боломж бүрдэнэ гэдгийг О.Сэргэлэн эмч дурдлаа.
ТАТАР МАЙДАР







Эрүүл мэнд




