Dark Light
Эрүүл мэнд | 2026-10-09

ХҮҮХДИЙН ГЛЮКОЗЫН ТҮВШИН ХЯНАХ ТӨХӨӨРӨМЖИЙГ АМБУЛАТОРИОР ОЛГОЖ БАЙНА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв нь улсын хэмжээнд эх, хүүхдэд төрөлжсөн нарийн мэргэжлийн лавлагаа шатлалын тусламж, үйлчилгээ үзүүлдэг.
Нэгдүгээр хэв шинжийн чихрийн шижинтэй, тус төвийн байнгын хяналтад байдаг хүүхдүүдийн биеийн байдлыг тогтмол хянах, эмчилгээний үр дүнг сайжруулах зорилгоор цусан дахь глюкозын түвшнийг тасралтгүй хянах төхөөрөмжийг амбулаториор үнэ төлбөргүй олгох үйлчилгээг хэрэгжүүлж байна.
Энэхүү төхөөрөмж нь цусан дахь сахрын хэмжээ огцом ихсэх, буурах өөрчлөлтийг эрт илрүүлэх, хооллолт, хөдөлгөөн болон инсулины тунгийн өөрчлөлттэй холбоотой глюкозын хэлбэлзлийг хянах замаар болзошгүй хүндрэлээс урьдчилан сэргийлэхэд чухал ач холбогдолтой юм.
Уг төхөөрөмжийн худалдан авалтыг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль болон холбогдох журмын хүрээнд зохион байгуулж байна.
Сүүлийн үед уг төхөөрөмжийн худалдан авалт, сонгон шалгаруулалттай холбоотой асуудлаар олон нийтийн цахим сүлжээнд шууд дамжуулалт хийж, мэдээлэл түгээж байгаатай холбогдуулан Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв дараах байр суурийг илэрхийллээ.
Тус төв нь худалдан авалтын үйл ажиллагааг холбогдох хууль тогтоомж, журмын дагуу зохион байгуулж байгаа бөгөөд тендерийн үйл ажиллагаанд хууль зөрчсөн асуудал гараагүй болохыг мэдэгдэж байна.
Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв нь олон нийтийн хяналт, санал шүүмжлэлийг хүндэтгэдэг. Гэхдээ аливаа асуудлыг бодит нөхцөл байдлыг бүрэн тодруулаагүй, нэг талын мэдээлэлд үндэслэн дүгнэх нь олон нийтийг төөрөгдүүлэх, байгууллагын үйл ажиллагаа, нэр хүндэд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй. Иймд уг асуудлаар мэдээлэл түгээхдээ баримтын үнэн зөв байдлыг нягталж, шаардлагатай тохиолдолд байгууллагаас албан ёсны тайлбар авахыг хүсье.
Энэ асуудлын цаана нэгдүгээр хэв шинжийн чихрийн шижинтэй, өдөр бүр эрүүл мэндийн хяналт, эмчилгээ шаардлагатай олон хүүхдийн эрүүл мэнд, амь нас, цаашдын амьдралын чанар хамаарч байгааг онцлон тэмдэглэж байна.
Иймд нийт иргэд, хэвлэл мэдээллийн байгууллага, олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийг аливаа мэдээлэлд хариуцлагатай хандаж, бодит баримтад тулгуурлан үнэн зөв мэдээлэл түгээж, хүүхдүүдийн эрүүл мэнд, эрх ашгийг нэн тэргүүнд тавихыг уриалж байна.
Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв цаашид ч хүүхэд бүрд шаардлагатай тусламж, үйлчилгээг хүргэх, эмчилгээний чанар, хүртээмжийг сайжруулахын төлөө хариуцлагатай ажиллах болно.

Эх сурвалж | ЭХЭМҮТ
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.23, 24, 25
Үзвэрийн хувиарууд
Image
2027.03.07, 08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.17
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.24
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.10