Бүгд Найрамдах Солонгос Улсын Сөүлээс өмнөд хэсэгт орших Соннам хотод өнөөдөр буюу 11 дүгээр сарын 11-ний өглөөний ид ачааллын цагаар зорчигч тээврийн автобус гэрлэн дохион дээр зогсож байсан 30 гаруй автомашинтай мөргөлдсөн ноцтой осол гарлаа.
Кёнги мужийн Гал түймэртэй тэмцэх газраас мэдээлснээр, ослын улмаас наад зах нь 57 хүн бэртэж, эмнэлгийн тусламж авч байгаагаас 9 хүний биеийн байдал хүнд байна. Азаар амь насанд нь аюултай нөхцөл байдал үүсээгүй байна.
Зорчигч тээврийн автобус нийт 32 автомашиныг цувуулан мөргөснийхөө дараа замын голын тусгаарлах зурвасыг мөргөж зогссон байна. Осол гарсан даруйд онцгой байдлын албанаас газар дээр нь эмнэлгийн яаралтай тусламжийн түр цэг байгуулж, бэртсэн иргэдийг анхан шатны эмчилгээнд хамруулжээ.
Аврах ажиллагаанд нийт 88 алба хаагч, 33 тусгай зориулалтын автомашин дайчлагдан ажилласан бөгөөд орон нутгийн цагаар өглөөний 09:30 цаг гэхэд эвдэрсэн ихэнх тээврийн хэрэгслийг замаас холдуулж, хөдөлгөөнийг цэгцэлсэн байна. Осол гарсан уулзвар нь орон сууцны хорооллын ойролцоо байсан тул замын хөдөлгөөнд маш том түгжрэл, саатал үүсгэжээ.
Соннам хотын Бунданг дүүргийн цагдаагийн газраас автобусны жолоочийг саатуулан байцааж байгаа бөгөөд түүний согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгах багажийн дүн сөрөг буюу эрүүл гарсан байна. Жолооч мөрдөн байцаагчдад өгсөн мэдүүлэгтээ "автобусны тоормос гэнэт ажиллагаагүй болсон" гэж хэлжээ. Цагдаагийн байгууллагаас ослын бодит шалтгааныг тогтоохоор автомашинуудын хар хайрцагны бичлэг болон замын хяналтын ССTV камеруудын дүрсийг нарийвчлан шалгаж эхлээд байна.
ТАТАР МАЙДАР





Гадаад




