Dark Light
Эрүүл мэнд | 2025-03-21

Д.БАЯН-ӨНДӨР: ДОНОРЫН АР ГЭРТ ОЛГОХ ТЭТГЭМЖТЭЙ ХОЛБООТОЙ ШҮҮХИЙН МАРГААН ҮҮССЭН

СЭТГҮҮЛЧ | Б.АМАРТҮВШИН
Image

Бөөр шилжүүлэн суулгах мэс заслын багийн гишүүн, мэс засалч Д.Баян-Өндөр:

Манай улсын Донорын тухай хууль анх 2000 онд батлагдсан. Өмнө нь Монгол Улсад ийм хууль огт байхгүй байсан бол 2012, 2018 онд хоёр удаа шинэчлэн найруулсан. Одоогоор дахин шинэчлэгдэж, нийтээр хэлэлцүүлж байна.

Энэ хуулийг боловсруулах, батлуулах үйл явцад Батчулуун эмчийн баг манлайлан оролцсон. Шинэчлэгдсэн хуульд нэгэн чухал өөрчлөлт орсон нь 23.1-р зүйлд амьгүй донорын гэр бүлд олгох нөхөн төлбөрийг Нийгмийн даатгалын шимтгэл төлсөн эсэхээс үл хамаарч, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр олгоно гэж тусгасан. Гэвч одоогоор энэ тэтгэмжийг бүрэн шийдээгүйгээс үүдэн тодорхой үл ойлголцол, маргаан үүсээд байна. Өнөөдрийн шүүхийн  маргаан энэ тэтгэмжтэй холбоотой үүссэн. Донорын ар гэрт нөхөн тэтгэмж олгоогүйгээс ойлголтын зөрүү гарсан гэж бид үзэж байна. 

Эмнэлгийн мэргэжилтнүүд өдөр бүр өвчтөнүүдтэй харилцаж, эмчилгээний зөвшөөрөл авдаг. Үүнд тухайн эмчилгээний арга, хүндрэл, үр дагаврыг тайлбарлаж, өвчтөнтэй харилцан ойлголцож, гарын үсэг зуруулдаг. Энэ зөвшөөрлийн хуудас нь мэс засал хийх, мэдээ алдуулалт өгөх, цус сэлбэх зэрэг бүхий л эмчилгээний үед шаардлагатай байдаг. Гэвч өнөөгийн нөхцөлд бүрэн бөглөгдсөн зөвшөөрлийн хуудас нь эмчийг хууль эрх зүйн хувьд хамгаалж чадахгүй байгаа нь харагдаж байна.

Өчигдөр бид Эрүүл мэндийн сайд болон хуулийн албаны дарга Одгэрэлтэй уулзсан. Эмнэлгийн мэргэжилтний эрх зүйн байдлын тухай хууль өнгөрсөн оны 11 сараас хойш боловсруулагдаж, одоо нийтээр хэлэлцүүлэх шатандаа явж байгаа юм байна. Энэ хуульд эмнэлгийн тусламж үйлчилгээний тулгамдсан асуудлууд болон хариуцлагын даатгалтай холбоотой 20 гаруй зүйл, заалтыг тусгасан байна. Гэвч хууль батлагдахаас өмнө ийм асуудал үүссэн нь харамсалтай байна.

Монгол Улсын эрүүл мэндийн салбар 100 жилийн хугацаанд хөгжиж, эрхтэн шилжүүлэн суулгах мэс засал 30 орчим жил амжилттай хийгдэж байна. Бидний гол зорилго бол өвчтөнүүдийн эрх ашгийг хамгаалах, донорын эрхийг баталгаажуулах, дархлаа дарангуйлах эмчилгээг хэрхэн үнэгүй болгох, мэс заслыг төлбөргүй хийх зэрэгт чиглэж ирсэн. Гэвч энэ бүхний хажуугаар бид өөрсдийн эрх ашгаа хамгаалах тал дээр хангалттай анхаарч чадсангүй.

Шинжлэх ухаан, технологи хөгжихийн хэрээр бид олон амжилтад хүрч байгаа ч хууль эрх зүйн орчны тодорхойгүй байдал, хамгаалалт сул байгаагаас болж эмч, мэргэжилтнүүд хүнд нөхцөлд орж байна. Монгол Улсын жирийн нэг иргэний эрүүл мэндийн төлөө олон жил хүчин зүтгэсэн Батчулуун эмч өнөөдөр эрүүгийн хэрэгт татагдаж байгаа ч тун удахгүй бидэнтэй мөр зэрэгцэн, цагаандаа гарч, хамтдаа ажиллана гэдэгт итгэж байна.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.26 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.19-05.11
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.15 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.10 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.03 11:00