Dark Light
Урлаг соёл | 2021-07-07

Маск Продакшны жүжигчин А.Гэрэлцэцэг “Ханьтайгаа учирснаас хойш миний амьдрал дүүрэн болсон”

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

 

On&On подкастын зочин Алтан гадас одонт жүжигчин А.Гэрэлцэцэгийн ярилцлагыг хүргэж байна

Н.О: Алтангадас одонгоор энгэрээ мялаасанд таньд баяр хүргэе.

А.Г: Баярлалаа. Соёл урлагийн салбарт багагүй хугацаанд хөдөлмөрлөснийхөө үр шимийг хүртлээ. Уг нь урлаг соёлоо завсарлаад, гэр орон үр хүүхэддээ цаг зориулъя гэж бодож байтал ард түмэн үнэлээд, ийм сайхан шагнал авсан чинь цаашид уран бүтээл хийх урам зориг орчихлоо.

Н.О: Алтан гадас одонгийн өмнө энгэртээ хоёр хөөрхөн одон гялалзуулсан шүү дээ. Ээж болсны дараах амьдрал ямар байна даа?

А.Г: Хананд маш үзэсгэлэнтэй цаг өлгөөтэй байсан, гэхдээ зайгүй. Ээж болоод л тэр зүү яг албан ёсоор чаг чаг гээд хөдөлж эхэлсэн тийм мэдрэмж авсан. 

Миний хувьд нилээд хожуу хүнтэй сууж, хүүхэдтэй болсон учраас ээж байх, эмэгтэй хүн байх хоёрын ялгаа их хурц мэдрэгдсэн. Хүүхэдгүй байхдаа би зүгээр л хий хоосон, үүлэн дээр хөвж явсан байна лээ. Эгч маань алдарт эх, олон хүүхэдтэй сайхан эмэгтэй бий. Өмнө нь эгчийгээ цамцных нь энгэр онгорхой, хоёр талдаа хүүхдүүдүүдээ хэвтүүлчихсэн хөхүүлж байхыг харангуутаа “Эгч ээ, та үс гэзгээ янзлаад, цэгцтэй сууж байгаад хөхүүлж болдоггүй юм уу?” гэж асууж байсан.  Одоо бодохоор  сэтгэл дотроо эгчээсээ уучлалт гуйдаг.

Би өөрийгөө ээж болохоор хүүхдээ ч харна, ажлаа ч хийнэ, би супер байх ёстой гэж бодсон, яг л Уранхолбоо шиг... Эцсийн эцэст хэзээ ч тийм биш юм байна лээ.

Н.О: Хүүхэд өсгөхөд хэцүү үе хэзээ байсан бэ? Яаж даван туулж байна?

А.Г: Шөнө нойргүй хонох л хэцүү. Хоёр сарын хугацаанд хоёр цаг бүтэн нойртой хонож үзээгүй үе надад бий. Эхнэр нөхрөөсөө түрүүлж хөгширдөг ч үүнтэй холбоотой. Нэг хүүхэдтэй бол дор хаяж хоёр жил нойргүй хононо, хоёр хүүхэд дөрвөн жил гээд ихсээд явахаар бид хөгшрөлгүй яахав дээ. Эмэгтэй хүн нойргүй хонохоор ядарна, эрч хүчээ сэлбэхийн тулд иднэ, таргална, түүндээ сэтгэлээр унана. Энэ үед л эмэгтэй хүний сэтгэлийн хат, эр хүний хүн чанар танигддаг.

Н.О: Гэрлээгийн хувьд хоёр ихэр хүүхэдтэй. Бүх хөдөлмөр, хүчин чармайлт, хийх ажил хоёр дахин их гэсэн үг. Энэ их ажлыг яаж нугалж байна?

А.Г: Нэг биеийг хоёр хуваадаг. Нэг хүүхдээ тэврэхэд нөгөө нь гомдож уйлдаг, тиймээс хоёуланг нь тэврээд л, хооллоод л, хайрлаад л өсгөж байна. Нэг нь баахад нөгөө нь бааж, баасаараа тоглоод хивсэн дээгүүр гүйнэ. Энэ бүхнийг хараад эмэгтэй хүн үсээ зулгааж, уурлахгүйгээр харин ч өхөөрдөж сурна гэдэг тэвчээр бөгөөд ухаан юм. Тэр ч бүү хэл хүүхдүүдээ унтсаны дараа, дөрвөн мөчөө арайхийн хөдөлгөөд, тосгуурт байгаа аяга шаазанг угаагаад дуусахад энэ дэлхий дээр том нээлт хийсэн юм шиг, надад өөрөөрөө бахархах сэтгэл төрдөг.

Н.О: Энэ бүхнийг ганцаараа амжуулж байна уу, нөхрийн туслалцааг авч байна уу?

А.Г: Манай нөхөр маш их ажилтай. Гэртээ байх цаг нь бага байдаг болохоор нөхрийгөө хүүхдийнхээ живхийг нэг удаа солиход нь л би их баярладаг. Ер нь ээж болоод л эмэгтэй хүн ямар агуу тэсвэр, тэвчээртэй болохыг ойлгосон.

Н.О: Өөрийгөө хэрхэн тайвшруулж, эрч хүчээ нөхдөг вэ? Иог, бясалгалаар хичээллэдэг үү?

А.Г: Тийм зав огт байхгүй. Тухтай усанд орох ч зав байдаггүй шүү дээ. Энэ бүхэнд хэрэв бухимдах гээд байвал нэг л зүйлийг бодох хэрэгтэй. Эмэгтэй хүн бол зовох гэж төрсөн, бусдыг хайрлахын төлөө төрсөн, энэ бол бидний тавилан. Эмэгтэй хүн бол зовлонг өөртөө шингээгээд, аз жаргал болгон түгээхээр төрсөн амьд бурхан юм. Би охиноосоо том болохоор нь юу ч шаардахгүй, үхрийн дуунаар унтаж байсан ч сэрээхгүй гэж боддог. Ээж болоод л угаасаа хэзээ ч тэгж их унтаж чадахгүй шүү дээ.

Н.О: Нэгэнт эмэгтэйчүүд бид ингэж их зовох тавилантай төрсөн юм бол эрэгтэй болоод төрсөн бол амар байж уу?

А.Г: Тэгж бодож үзсэн. Эрчүүд бол уул хараад л энийг яаж нураах вэ гээд бодож байдаг хиймортой л доо. Гэтэл эмэгтэйчүүд хогоо асгахдаа, нэгэнт гэрээсээ гарсан юм чинь төмс авчихъя, заа дэлгүүр орж байгаа юм чинь хажуугийх нь хими цэвэрлэгээ ороод хувцсаа өгчихье гээд л бодож байхдаа хүүхдээ хооллож байдаг, тэр зуур нь гал дээр хоол нь буцалж байдаг гээд нэг дор арван ажлыг амжуулдаг. Аалзны тор шиг энэ их амьдралыг эмэгтэй хүн зохицуулдаггүй байсан бол алсын алсыг бодож чадах л байсан. Гэвч бидэнд бодох, хийх юм дэндүү их байдаг.   Эмэгтэйчүүд бидний нуруун дээр энэ дэлхий ертөнц байгаа бол, эмэгтэй хүний тулах түшиг эр нөхөр нь байдаг.

Гэхдээ бүсгүй хувь заяаг олж төрнө гэдэг маш гайхалтай. Өндгөн эсийг микроскопоор хараад тэгээд 100 давхар байшинг эсвэл 100 гаруй кг жинтэй сүмо бөхийг харуулаад, энэ өндгөн эс бол энэ юм гэвэл хүнийй үүсэл хөгжлийг сайн мэддэггүй бол, итгэхэд бэрх дээ. Гэтэл тэр эсийг бид хүн болгоод, тэр хүн нь сансарт нисээд станц бариад байна гэхээр эмэгтэй хүн ямар агуу вэ.

Н.О: Юунд баярлаж, сэтгэл дүүрдэг вэ?

А.Г: Би Эх нялхаст хүүхдүүдтэйгээ хэвтэж тэнд байсан ээжүүдээ их өрөвдсөн. Хүүхэд нь өвдөж уйлаад л, нойргүй хоноод. Тэгээд хэрвээ бага насны хүүхэдтэй ээжийг баярлуулъя гэвэл хүүхдийг нь гурван цаг харж өгөөд, хооллоод, хуурайлаад, өөрийг нь тайван унт, эсвэл сайхан гадуур зугаал гэвэл хамгийн том бэлэг болно доо гэж бодсон.

Н.О: Аав ээж минь, ах эгч минь, авааль нөхөр, үр хүүхэд минь гэж дандаа бусдыг гэсээр эмэгтэй хүн өөрөө хоосон үлдээд байдаг. Түүндээ гомдож, өөрийгөө золиосолсон мэт сэтгэгдэл төрөөд байдаг. Өөрийн чинь хувьд ингэж санагддаг уу?

А.Г: Орой гэрийхэн минь унтсаны дараа бүгдийг нь тойруулж харахаар бүгд хайр байдаг. Тэд амар амгалан унтаж байгаагийн гол үндэс нь би шүү дээ. Энэ гэрт би л байхгүй бол гал тогоо ажиллахгүй, зурагт асахгүй, хүүхдүүд инээлдэхгүй, нөхөр баяртай байхгүй, ерөөс энэ бүхэн нь хүч, эх ундарга нь би гэж бодож өөрийгөө тайтгаруулж, өөрөөрөө бахархдаг.

Тэгээд ч одоо гэр бүлийхэндээ, үр хүүхдээ өсгөхөд зориулж байгаа цаг ердөө л гурван жил үргэлжилнэ. Хүүхдийнхээ дөнгөж толгойгоо дааж байгаа, алхаж сурч байгаа, үг хэлж байгаа тэр нандин мөчүүдийг  харахгүй өнгөрвөл хайран санагддаг учраас энэ ахархан хугацааг сэтгэлийн хүчээр аз жаргалтай даван туулж байгаа.

Н.О: Хүүхдүүд ч овоо болж байна, Ковид дуусахаар юу хийхээр төлөвлөж байна?

А.Г: Би өнгөрсөн хугацаанд урлаг, уран сайханд бүх цагаа зориулж, чамгүй олон зүйлийг хийсэн. Тэгээд харьцангуй хожим хүнтэй суугаад, хүний жаргал бол ханьсахын жаргал юм байна гэдгийг ойлгосон.  Би ганц бие байхдаа маш их ажил амжуулаад, амжилт нэрийг олоод, гадаад дотоодоор аялж байсан ч асар их ганцаарддаг байсан, бүр ганцаардлын гүнд орж үзсэн. Гаднаас нь харахад би олонтойгоо, танилын хүрээ ихтэй, нэг л их аз жаргалтай хүн, гэвч тэр олон дунд байж ганцаардана гэдэг аймшигтай. Дэлхийн гоо үзэсгэлэнгийн охь дагина Мэрилин Монро шиг байгаад жаргал зовлонгоо хуваалцах тал зүрх чинь байхгүй бол бүх зүйл утгагүй. Тийм мэдрэмжийг дэндүү мэдэрсэндээ амьдрал энгийн байхдаа, зүрх зүрхээ олсон байхад л энэ хорвоогийн дээд жаргал юм байна гэдгийг ойлгосон.

Нөгөөтэйгүүр зовж үзээгүй хүн жаргаж байгаагаа мэддэггүй. Олон хүүхэдтэй эмэгтэй хүүхэдгүй байхын зовлонг мэдэхгүй, хүүхэдтэй нөхөртэй, аав ээжтэй байгаад зовлон тоочиж байгааг олонтаа харсан. Би өөрөө багадаа аавыгаа алдаж, хагас өссөн болохоор зүгээр утасны жагсаалтын эхэнд А үсэг гээд хайхад аавын дугаар гарч ирж, ганц удаа аавтайгаа ярихсан гэж хүсдэг. Гэтэл хажууд байгаа найз маань аав нь яриад байхад утсаа авахгүй байхаар бүр уур хүрдэг.

Н.О: Ярилцлагын төгсгөлд нь яг одоо шантраад, амьдралдаа түүртээд, өөрийгөө хэрэггүй мэтээр бодож суугаа тэр нэгэн бүсгүйд урам зориг өгөөч?

А.Г: Бүсгүй та бол амьдралыг цэцэглүүлэх гэж төрсөн амьд бурхан юм. Өнөөдөр та харанхуй шөнө уйлж байгаа ч маргаашийн өдөр нар мандаж, мишээх болно гэдэгт итгээрэй.

Н.О: Баярлалаа. Таны хүссэн бүхэн биелж байхыг хүсье..

 

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.08
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.27, 28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.21 18:00