Монгол судлаач Аяако Кимура өөрийн Х (хуучнаар Твиттер) хуудсандаа Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн огцорсон асуудлаа үзэл бодлоо хуваалцжээ.
.jpg)
Монгол Улсын Ерөнхийлөгч огцорлоо. Энэ нь Ерөнхийлөгч авлига авсандаа бус, харин уйгагүй дарамт шахалт, гүтгэлгээс залхсаных болов уу. Хэрэв тэрбээр эрх баригч намын даргын суудалдаа эргэн ирж, шинэчлэл хийвэл Монгол Улс одоогийнхоос илүү сайжирна. Шинэчлэл хийхэд итгэл даах удирдагч хэрэгтэй. Ямар ч байсан ирэх жил түүний бүрэн эрхийн хугацаа дуусах байсан. Дахин сонгогдох боломжгүй. Учир нь Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг 4 жилээс 6 жил болгон өөрчлөхдөө зөвхөн нэг удаа сонгогдох дүрэм баталсан юм. Хугацаанаасаа эрт огцрох нь түүнээс л гарах шийдвэр.
Энэ удаагийн явдлын тухайд, эрх баригч нам доторх авлигын хэрэгт хутгалдсан сөрөг хүчин нь ял зэмээс мултрахын тулд гадаадад оргон зайлсан газраасаа Ерөнхийлөгчийг авлигад холбогдуулан гүтгэх суртал ухуулга явуулснаас үүдэлтэй. Тэднийг гадаадаас эх орондоо эргэж ирэхийг шаардахад "Ерөнхийлөгч огцорвол буцаж очно" гэж мэдэгдсэн тул Ерөнхийлөгч огцрох хүсэлтээ илэрхийлсэн хэрэг. Ингэснээр суртал ухуулга явуулсан сөрөг хүчнийхэн эх орондоо буцаж ирэхээс өөр аргагүй боллоо. Тэднийг эргэж ирмэгц эсрэг талынхныг шалгах мөрдөн байцаалт эхлэх биз ээ.
Өчигдөр УИХ-аар Ерөнхийлөгчийн огцрох хүсэлтийг баталж, өнөөдөр Сүхбаатарын талбайд түүнийг үдэх ёслол боллоо. Ерөнхий сайд байхдаа ч огцрох санал гаргаж байсан нь мэдээлэгдэж байсан бөгөөд энэ нь албан тушаалтай зууралддаггүй хүнээс л гарах чанар. Нэг алхам ухарснаар гацаанд ороод байсан өнөөгийн нөхцөл байдлыг урагшлуулж чадлаа. Бахархмаар хэрэг.
Дашрамд дурдахад, олон жил гайхаж ирсэн нэг зүйл бол Өрнөд болон Японы хэвлэл мэдээллийн хэрэгслүүд Монголын Ардчилсан намыг илүүтэй өмөөрөх хандлагатай байдаг. Угтаа Монголын Ардчилсан нам нь ардчиллын хөдөлгөөний үед Монголын Хувьсгалт Залуучуудын Эвлэлээс (МХЗЭ) үүсгэн байгуулагдсан нам шүү дээ. МХЗЭ нь нэг намын дарангуйллын үед Монгол Ардын Хувьсгалт Намын суртал ухуулгыг хариуцдаг залуучуудын байгууллага байсан. Ардчилсан Монгол Улс гэдэг ч тэнд ардчилсан орнуудын хоёр намын тогтолцоо шиг энгийн хоёр туйлт сөргөлдөөн байдаггүй. Хэрэв МАХН (одоогийн эрх баригч МАН) хуучин коммунист угшилтай бол МХЗЭ-ийн байгуулсан Ардчилсан нам ч мөн адил хуучин коммунист угшилтай болж таарна.
Ардчиллын дараа Монголд хоёр намын тогтолцоо бүрэлдсэн мэт харагдавч бодит байдал дээр тэнд эрх баригч нам, сөрөг хүчин гэх ойлголт байгаа ч юм шиг, үгүй ч юм шиг л байдаг. Тиймээс сонгуулийн үр дүнгээс үл хамааран хоёр том нам эвсэж "Их эвслийн Засгийн газар" байгуулах боломжтой бөгөөд бодит амьдрал дээр ч тийм засгийн газар байгуулагдаж байсан. Монгол Улс Оросын тусламжтайгаар тусгаар тогтносон. МАХН нь Оросын коммунист намын ивээл дор байсан гэдэг утгаараа хуучин коммунист угшилтай боловч тусгаар тогтнолын төлөөх социалист чиг баримжаатай байсан тул одоогийн МАН нь консерватив (уламжлалт) нам юм.
Өрнөд болон Японд ардчиллын үед байгуулагдсан Монголын Ардчилсан намыг коммунист намыг сөрөн зогссон барууны чиглэлийн нам мэтээр ойлгодог бололтой ч Ардчилсан нам бол барууны нам биш. Ер нь Монгол Улсад зүүн ч гэж байхгүй, баруун ч гэж байхгүй. Социализмын үед намтай хэдий чинээ ойр байна, төдий чинээ өндөр албан тушаал, чинээлэг амьдрал баталгааждаг байсан. Ардчиллын дараа ч энэ байдал өөрчлөгдөөгүй бөгөөд улс төрийн намууд олширч, ашигт малтмалын олборлолт асар их баялаг бий болгохын хэрээр ашиг сонирхолтой холбоотой улс төрийн тэмцэл улам бүр ширүүсэж байна. Энэ удаагийн эрх баригч нам доторх сөрөг фракцийн ард сөрөг хүчний (АН-ын) нөлөө бүхий улстөрч байгаа гэх яриа гарсан бөгөөд Монголд эрх баригчид болон сөрөг хүчний хуйвалдаан гүн гүнзгий оршсоор байна.
Кимура Аяако (1965 оны 3-р сарын 14-нд төрсөн) нь Японы монголч эрдэмтэн, судлаач, орчуулагч юм. Тэрээр Токиогийн их сургуульд багшилж, Монгол хэл, ардчиллын түүх, Монголын нийгэм болон уламжлалт соёлын чиглэлээр судалгаа хийдэг хатагтай юм.
ТАТАР МАЙДАР







Улс төр


