Хятад, АНУ, Орос гурван улс анх удаа нүүр тулан уулзсан түүхэн дээд хэмжээний уулзалтынхаа дараа Пүрэв гарагт хамтарсан “Энхийн тунхаглал” гаргалаа. Орос-Украины дайн тав дахь жилдээ үргэлжилж, АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны мөргөлдөөнд саатаад буй энэ үед уг уулзалт БНХАУ-ын Шэньжэнь хотноо болж өндөрлөв.
Шэньжэнь дэх Засгийн газрын хүлээн авалтын цогцолбор “Kylin Villa”-д хаалттай хаалганы цаана нэг цаг 20 минут үргэлжилсэн хэлэлцээний дараа Хятадын төрийн хэвлэлүүд болон Кремлийн зүгээс уг мэдэгдлийг нийтэлсэн бол Цагаан ордон хараахан албан ёсоор баталгаажуулаагүй байна. Мэдэгдэлд “Гурван улсын төрийн тэргүүн нар олон улсын өнөөгийн нөхцөл байдлын талаар гүнзгийрүүлэн санал солилцож, стратегийн тогтвортой байдал, олон улсын аюулгүй байдлыг сахин хамгаалах үүрэг амлалтаа баталгаажууллаа” хэмээн дурджээ.
Уулзалтын үеэр Д.Трамп гурван гүрэн “түүх бүтээж байна” гэсэн бол В.Путин “дипломат харилцааны түүхэнд шинэ хуудас нээлээ” хэмээн тодорхойлж, Ши Жиньпин “гурван улс дэлхийн энх тайвныг сахин хамгаалах нэгдмэл байр суурьтай байна” гэдгийг онцолсон байна.
Олон улсын эрүүгийн шүүх, НҮБ ба газрын тосны нийлүүлэлт
Хэдийгээр тунхаглалд Украин, Ираны дайныг шууд дурдаагүй ч гурван улсын удирдагчид дараах дөрвөн гол асуудлаар нэгдсэн байр суурьт хүрчээ:
-
Олон улсын эрүүгийн шүүх (ОУЭШ) ба дипломат дархан эрх:
Удирдагчид “Олон улсын эрүүгийн шүүх болон бусад ижил төстэй байгууллагууд эрх мэдлээ урвуулан ашиглах ёсгүй” гэдэгт санал нэгдэж, төрийн өндөр албан тушаалтнуудын дипломат дархан эрхийг хүндэтгэх нь амин чухал болохыг хүлээн зөвшөөрсөн байна. Сануулахад, В.Путинийг баривчлах тушаалыг ОУЭШ-ээс гаргаад байгаа бол Трампын засаг захиргаа тус шүүхийг татан буулгана хэмээн мэдэгдэж байсан юм. -
НҮБ-ын шинэчлэл: Гурван улс Нэгдсэн Үндэстний Байгууллагын (НҮБ) шинэчлэлийг урагшлуулах үүрэг хүлээж буйгаа илэрхийлэв.
-
Эрчим хүч, газрын тосны нийлүүлэлт: Иран, Украины мөргөлдөөнөөс үүдэлтэй эрчим хүчний хямралыг зөөлрүүлэх үүднээс боловсруулсан газрын тосны бүтээгдэхүүний үйлдвэрлэл, нийлүүлэлтийг нэмэгдүүлэхээр төлөвлөж байгаагаа мэдэгджээ.
-
Цөмийн эрсдэлийг бууруулах: АНУ, Оросын цөмийн зэвсгийг хязгаарлах гэрээ өнгөрсөн хоёрдугаар сард дуусгавар болсны дараа гурван гүрэн “цөмийн эрсдэлийг бууруулах, цөмийн зэвсэг дэлгэрүүлэхээс урьдчилан сэргийлэх чиглэлээр яриа хэлэлцээ өрнүүлнэ” хэмээн тохиролцсон байна.
Шүүмжлэл ба “Хямдхан хийл”
Энэхүү дээд хэмжээний уулзалт нь гурван их гүрэн Киев болон Европын оролцоогүйгээр Украины хувь заяаг шийдэж, дэлхийг нөлөөллийн хүрээнд хуваах вий гэх болгоомжлолыг төрүүлээд байгаа юм. АНУ-ын Сенат дахь Ардчилсан намын удирдагч Чак Шумер энэ уулзалтыг шүүмжлэхдээ “Ши Жиньпин, Владимир Путин хоёр Дональд Трампыг яг л хямдхан хийл шиг тоглож байна” хэмээн мэдэгдсэн бол Азийн нийгэмлэгийн бодлогын хүрээлэнгийн шинжээч Лайл Моррис уг уулзалт В.Путинд Украины эсрэг хийж буй түрэмгийллээ ямар ч шийтгэлгүйгээр зөвтгөх индэр олгож байна хэмээн дүгнэжээ.
ТАТАР МАЙДАР







Гадаад


