“Single ladies-3” уран сайхны кинонд адуучин залуу Алтангэрэлийн дүрийг бүтээж, олонд танигдсан жүжигчин Г.Ананд 2020 оны нэгдүгээр сарын 16-ны өглөө 05:30 цагийн орчимд УБС0858 дугаартай “Мерседэс Бенз Жи-500” маркийн машиныг согтуугаар барьж явах үедээ зам тээврийн ноцтой осол гаргаж, бусдын амь насыг хөнөөсөн билээ.
Тодруулбал “ Premio” маркийн автомашиныг мөргөсний улмаас жолооч А амиа алдсан юм. Г.Ананд согтуурлын зэрэг нь 1.83 байснаас гадна тухайн үед хот дотор хурд хэтрүүлж явсан нь тогтоогджээ. Г.Анандын унаж яваад осол гаргасан “Мерседэс Бенз Жи-500” маркийн автомашин өөрийнх нь биш бөгөөд найз бүсгүйнх нь машин байсан байдаг.
Уг хэргийн мөрдөн байцаалт, шүүх хурал бүтэн жил гаруй хугацаанд үргэлжилж, гурван шатны шүүхээс түүний тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нь таван жилийн хугацаагаар хасаж, гурван жилийн ял оноосон байдаг.
Тэгвэл түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаагүй, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоос амь хохирогчийг оршуулахтай холбоотой зардлын зарим болох 25.000.000 төгрөгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид нөхөн төлсөн, үлдэх хохирлыг баримтаар нотлогдсон хэмжээнд нөхөн төлөхөө илэрхийлсэн зэргийг харгалзсан үзэж Өршөөл ийн хуульд хамруулж, суллажээ.