Дорноговь аймгийн Иххэт сумын уугуул, Монгол Улсын баатар Данзанваанчигийн хүү Монгол Улсын ардын жүжигчин, Соёлын гавьяат зүтгэлтэн Ухнаа гуайд 2022 оны 07 дугаар сарын 07-ны өдөр Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртээсэн юм.
Д.Ухнаа нь Улсын хөгжимт драмын театрын дуучнаас ажлын гараагаа эхэлсэн соёл, урлагийн салбарт 60 гаруй жил хөдөлмөрлөжээ.
Тэрээр Монголын болон дэлхийн сонгодог олон арван дуурьд гол дүр бүтээж, Улсын Филармонийн симфони найрал хөгжмийн 200 гаруй тоглолт, "Соёл-Эрдэнэ" хамтлаг, Баян Монгол чуулгын 400 гаруй тоглолтыг удирдан зохион байгуулсан.
4,500 гаруй концерт хөтөлж, 220 гаруй концерт найруулан үзэгч түмний хүртээл болгосон Д.Ухнаа дэлхийн 70 гаруй улсад Монголын урлагийн 400 гаруй удаагийн тоглолт зохион байгуулан үндэсний болон эстрад урлагийг сурталчлан таниулж, соёл, урлагийн салбарыг хөгжүүлэх их үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсан эрхэм билээ.
Талийгаачийн гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсөд, найз нөхдөд гүн эмгэнэл илэрхийлье.