Эх орны дайны жилүүдэд Монгол Улсын үзүүлсэн тусламжийн тухай киног Сочид болж буй олон улсын кино наадамд толилуулна.
Сочид Евразийн орнуудын олон улсын хоёр дахь удаагийн кино наадмаар “Фронт Цэгмид – эв найрамдлын бэлгэ тэмдэг” киног үзүүлнэ. Киноны найруулагч нь Буряад театрын уран сайхны удирдаач, найруулагч Олег Юмов юм. Сочи хотноо болж буй кино наадамд 25 орны кино 16 төрөлд оролцож байна. Олег Юмовын бүтээл, Аугаа эх орны дайны жилүүдэд Монголоос ЗХУ-д үзүүлсэн тусламжийн тухай киноны гол баатар нь Монголын ард түмэнд Фронт Цэгмид нэрээр алдаршсан 102 настай малчин буурай юм. Киног С.Цэгмидтэй ярилцлага хийж, бүтээжээ. Түүний хадгалж байсан материалууд киноны ихэнх хэсгийг бүрдүүлсэн байна.