Бүгд Найрамдах Франц Улсын Канн хотноо 2025 оны 6 дугаар сарын 16-20-ны өдрүүдэд зохион байгуулагдаж буй “Каннс Лаионс - 2025” Олон улсын бүтээлч үйлдвэрлэлийн фестивальд “Go Mongolia” Үндэсний брэндийн дор Монголын павильоныг байгуулан, соёл, урлагийн арга хэмжээгээр дамжуулан Монгол Улсаа сурталчлан оролцож байна.
Энэ жилийн хувьд улс орнуудын павильоныг 72 жилийн түүхэнд анх удаа оролцуулахаар шийдвэрлэсэн ба Монгол Улс, Холбооны Бүгд Найрамдах Бразил Улс болон Саудын Арабын Хаант Улсын гурван павильон зэрэгцэн байгуулагдлаа.
Павильоныг Монгол Улсаас Бүгд Найрамдах Франц Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд У.Нямхүү нээж үг хэллээ. Тэрээр “Монгол Улсын Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны санаачилгаар “Go Mongolia” брэндийн дор энэхүү фестивальд анх удаа оролцож буй нь чухал үйл явдал” хэмээн онцлов.
Мөн нээлтийн үеэр Эдэлман компанийн Зүүн Өмнөд Азийн бүсийн Бүтээлч захирал Тим Грийн “Энэ бол зүгээр нэг павильон биш” хэмээн онцлоод, “Монголын бодит түүхүүдийг дэлхийтэй хуваалцах, залуу авьяастнуудыг сурталчлах, олон улсын бүтээлч хамтын нийгэмлэгтэй түншлэл хөгжүүлэх, брэнд киногоороо дамжуулан “Go Mongolia” Үндэсний брэндийг дэлхийн бүтээлч үйлдвэрлэлийн төлөөлөгчдөд таниулах талбар юм” гэж тодотгов.
Монгол Улс уг олон улсын бүтээлч үйлдвэрлэл, маркетингийн салбарын тэргүүлэх зэрэглэлийн фестивальд түүчээлэн оролцож, дэлхий дахинд бүтээлч эдийн засаг, соёлын өв болон хөрөнгө оруулалтын чадавхыг харуулсан чухал алхам болж байна.