Монголын рок урлагийн нэрт төлөөлөгч, Ардын жүжигчин Дашзэвэгийн Жаргалсайхан (олон нийтэд “Чингис Жагаа” хэмээн алдаршсан) уран бүтээлээрээ дахин түүх бүтээж байна. Тэрээр "Чингис хаан" рок-дуулал (1983), "Тамирчны ялалт хямдхан олдоогүй" (1988), "Чингисийн баатрууд" (1991) гэсэн гурван шилдэг уран бүтээлээрээ Монгол Улсын Төрийн шагнал хүртэхээр болжээ.
Эдгээр бүтээлүүд нь зөвхөн хөгжмийн урлагийн оргилд хүрэхийн сацуу, Монгол түүх, үндэсний бахархлыг рок хөгжимтэй хослуулан өгүүлсэн анхдагч, түүхэн чанартай бүтээлүүд юм.
"Урвалт шарвалтыг хэзээ ч уучлаагүй, Чингис хаан
Унаган сүлдэндээ хийморийн тэнгэртэй, Чингис хаан
Эр хонгор хүчиндээ эрдээгүй, Чингис хаан
Эв найрын сэтгэлээ эвдээгүй, Чингис хаан..."хэмээх мөрүүдийг тэртээ 1983 онд цэрэгт байхдаа бичсэн нь өдгөө Монголын орчин үеийн хөгжмийн түүхэнд алтан үсгээр бичигдэн үлджээ.
"Чингис хаан" рок-дуулал нь 1990 онд Казакстаны "Азийн дуу хоолой", 1991 онд Японы "Дэлхийн шигшээ рок дууны уралдаан"-д амжилттай оролцож, Yamaha-гийн дээд шагналыг хүртсэн нь Монгол хөгжмийн урлагийг дэлхийн тавцанд хүлээн зөвшөөрүүлсэн ховор тохиолдол болсон юм.
Төрийн шагнал хүртэх болсонтой зэрэгцэн, энэ дуулал нь 2025 оны Улсын баяр наадмын нээлтийн ёслолын үеэр, Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй Япон Улсын Эзэн Хааны дэргэд, Төрийн хүндэтгэлийн хойморт эгшиглэхээр бэлтгэгдэж байгаа нь түүхэн болон урлагийн хосгүй учрал болж байна.
Монголын рок урлагт өөрийн жинтэй байр суурийг эзэлсэн, уран бүтээлээрээ эх орон, бахархал, түүх соёлыг дуурсгасан Ардын жүжигчин Д.Жаргалсайхан таны урлагийн замналын өндөр амжилтад талархан баяр хүргэе!