Монгол Улсад кино урлаг үүсэж хөгжсөний 90 жилийн ойг тохиолдуулан Кино архивын ахмад ажилтан Н.Сугарсүрэнгийн “Кино уран бүтээлчдийн нэрс буюу ТИТР” хэмээх ном хэвлэгдэн гарлаа.
Н.Сугарсүрэн нь Монголын кино урлагийн салбарт зориулж, архив, судалгааны чиглэлээр үнэтэй хувь нэмэр оруулсан ахмад ажилтан бөгөөд энэхүү бүтээл нь түүний олон жилийн уйгагүй хөдөлмөрийн үр дүн юм.
Кино урлаг бол найруулагч, зохиолч, жүжигчин төдийгүй зураглаач, дууны инженер, зураач, тайз, гэрэлтүүлэгч зэрэг олон мэргэжлийн хүмүүсийн хамтын бүтээл байдгаараа онцлог. Гэвч ард нь үлдсэн эдгээр хөдөлмөрч уран бүтээлчдийн нэрсийг системтэйгээр хадгалж, тэмдэглэн үлдээх ажил дутмаг байсаар ирсэн.
Энэхүү номоор дамжуулан зөвхөн алдартай уран бүтээлчдийн төдийгүй кино бүрийн ард хөдөлмөрлөсөн олон мянган уран бүтээлчдийн нэрийг баримтжуулан, нэрсийг эмхэтгэн Монголын кино урлагийн хамтын түүхийг нэгтгэн харуулжээ.
Монгол Улсад кино урлаг үүсэж хөгжсөний 90 жилийн ойн хүрээнд хэвлэгдсэн энэ бүтээл нь салбарын хөгжлийн баримт бичигт чухал нэмэр оруулахаас гадна кино судлаач, уран бүтээлч, сонирхогч болон залуу үеийнхэнд зориулсан үнэтэй гарын авлага, судалгааны эх сурвалж болж байна.