“Монгол хаан” жүжгийн төслийн баг Япон Улсын Токио хотноо 2025 оны 8 сарын 28-ны өдөр хэвлэлийн бага хурал хийж, Японы мэргэжлийн сүмогийн 69 дэх их аварга, Монгол улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин М.Даваажаргал “Монгол Хаан” жүжгийн Япон улс дахь соёлын элч төлөөлөгч болсныг албан ёсоор зарлалаа.
Хэвлэлийн бага хуралд жүжгийн ерөнхий найруулагч Б.Баатар, гүйцэтгэх продюсер А.Баярцэцэг, хамтарсан продюсер Рюүо Э.Санчирболд, Э.Баясал болон “Монгол Хаан” жүжгийн соёлын элч Хакүхо аварга нар оролцжээ.
1000 жилийн түүхтэй Японы үндэсний сумо бөхөд 30-аас дээш түрүүлсэн 2 аварга байдаг бол 1187 даваа авч 45 удаа түрүүлж Японы Эзэн хааны цомыг авсан цор ганц бөх нь "Хакүхо" М.Даваажаргал юм. Тэрээр Монгол сүмочид хоёр улсыг холбох гүүр болж байсан бол уг жүжиг тэрхүү гүүрт соёлын тулгуур нэмж байгаад баяртай байгааг илэрхийлээд 2025 оны сүмогийн Аки, Кюшү баше хоёрын дундуур 10-р сард Токио болон Нагояа хотноо тоглох гэж буйг онцоллоо.
Өмнөх жилүүдэд Монгол, Их Британи, Сингапур зэрэг дэлхийн тайзнаа тоглогдож, мэргэжлийн шүүмжлэгчид, үзэгчдээс өндөр үнэлгээ авсан, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч, Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Бавуугийн Лхагвасүрэнгийн “Тамгагүй Төр” буюу "Монгол хаан" жүжиг нь 124 сая хүн амтай, Азийн тэргүүлэх зах зээл болох Японд амжилттай нэвтэрч, театрын зах зээлд Азийг төлөөлөх амжилттай төсөл болж чадаж байгааг ийнхүү жил бүр батлан харуулж байна.
Түүнчлэн энэ жил Монголын Үндэсний Их Баяр Наадмаар Япон Улсын Цог Жавхлант Эзэн хаан Нарүхито, Эрхэм дээд хатан Масако нар Монгол Улсад айлчлах түүхэн жилтэй давхцаж Япон улс даяар Монголоор амьсгалсан цаг мөчийн араас ирэх сард Монголын 70 гаруй шилдэг уран бүтээлчид Их Наран улсыг зорих гэж буй нь Монгол, Япон хоёр улсын соёлын хамтын ажиллагааны түүхэнд тод мөрөө үлдээх үйл явдал болох нь гарцаагүй.
“Монгол Хаан” жүжгийн тасалбар өдгөө Японы зах зээл дээр борлогдож байгаа бөгөөд ирэх 10-р сарын 10-наас 20-нд Токио хотноо, 24-нөөс 26-нд Нагояа хотноо тус толилуулагдах гэж байна.

