“Монгол хаан” жүжиг 10-р сарын 10-20-ны өдрийг хүртэл Япон Улсын Токио хот дахь 18 удаагийн тоглолтоо амжилттай өндөрлөөд 10-р сарын 24-нд Нагоя хотноо Тоглогдож эхлээд үзэгчид дүүрэн угтан авлаа.
“Монгол хаан” жүжгийн Токио дахь тоглолтууд, уран бүтээлчдийн соёлын үйл ажиллагаа нь Японд Монгол Улсыг амжилттай сурталчилж байна. Тус жүжгийн продюсер Грег Сузуки “Би энтертаймент салбарт 40 жил ажиллаж байна. Энэ хугацаанд гадаад дотоодын маш олон жүжиг тоглолт дээр ажилласан хэдий ч эхний гурван өдөр тасалбар нь зарагдаж дууссан тохиолдол өмнө нь огт байсангүй.” гэж онцолжээ. Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч, Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Бавуугийн Лхагвасүрэнгийн “Тамгагүй Төр” буюу “Монгол хаан” жүжиг нь 124 сая хүн амтай, Азийн тэргүүлэх зах зээл болох Японд амжилттай нэвтэрч, театрын зах зээлд Азийг төлөөлөх амжилттай төсөл болж чадаж байгааг “Монгол хаан” жүжгийн Япон дахь тоглолт харуулж байна.
Жүжгийн гол дүрд Арчуг хааны дүрд МУГЖ Эрдэнэбилэг, Эгэрэг түшмэлийн дүрд МУГЖ Болд-Эрдэнэ, их хатны дүрд СТА Одончимэг, бага хатны дүрд СТА Дөлгөөн, Ачир ханхүүгийн дүрд МУГЖ Доржсүрэн, Хүчир ханхүүгийн дүрд Майдарравжаа нар тоглож байна. УДЭТ-ийн жүжигчин, СТА Майддарравжаагийн тухайд Төрийн соёрхолт, МУГЖ Сосорбарамын хүү, удам залгамжилж яваа авьяаслаг жүжигчин ажээ.
Б.АМАРТҮВШИН






Урлаг соёл








