Өвлийн тэргүүн сарын шинийн нэгний билигт сайн энэ өдөр буюу Их эзэн Чингис хааны мэндэлсэн, “Монгол бахархлын өдөр” тохиож байна.
Энэ өдрийг тохиолдуулан Чингис хаан Үндэсний музейд Анхдугаар богд Өндөр гэгээн Занабазарын мэндэлсний 390 жилийн ойд зориулсан “ЧИНГИС ХААНЫ УДМЫН ХУТАГТ: ДОРНЫН ИХ СЭРГЭН МАНДАЛТ” үзэсгэлэн (2025.11.21) дэлгэгдлээ.
Энэхүү үзэсгэлэнд Чингис хаан Үндэсний музей, Монголын Үндэсний музей, Богд хааны ордон музей, Чойжин ламын сүм музейн сан хөмрөгт хадгалагдаж байгаа өмнө нь нэг дор үзүүлж байгаагүй, Өндөр гэгээний мутрын болон дэг сургуулийн 40 гаруй бүтээлийг хамтатган дэглэж, үзэгч олондоо хүргэж байна.
Үзэсгэлэнд зориулж “Чингис хааны Их цагаан сүлдний сан” хэмээх тахилгын санг Улсын төв номын сан болон хувь цуглуулагч нарт хадгалагдаж буй монгол бичгийн эх сурвалжуудаас үндэслэн, 400 жилийн тэртээ монголын сүүлчийн эзэн хаан Лигдэн хутагт хааны ордонд эгшиглэж байсан “Их монгол” аялгуугаар найруулан музейн дэргэдэх “Хаан найрал” чуулга анх удаа сонордууллаа. Энэхүү сан нь Төр нийгмийн нэрт зүтгэлтэн, Төрийн шагналт, академич Бямбын Ринчен болон түүхчид, их бичиг судлаачдын судалгаагаар баталгаажсан тахилгын судар юм.
Үзэсгэлэнг нээж, ССАЖЗ-ийн сайд Ч.Ундрам “Жил бүр энэ өдрийг бид Их эзэн Чингис хааныхаа суу алдрыг эргэн санаж, Монголын төдийгүй даян дэлхийн түүхэнд гүйцэтгэсэн үйл хэргийг алдаршуулан мөнхжүүлэх арга хэмжээг зохион байгуулсаар ирсэн. Энэ жилийн хувьд Монголын төр, шашин, соёлын нэрт зүтгэлтэн, дорно дахины их соён гэгээрүүлэгч Өндөр гэгээн Занабазарын мэндэлсний 390 жилийн түүхэн ой тохиож байгаагаараа онцлогтой. Үзэсгэлэнгээр дамжуулан Өндөр гэгээний бүтээн туурвисан үнэт зүйл бүрийн мөн чанарыг ухаж ойлгох, сурвалжлан судлах хүсэл эрмэлзлийг төрүүлж, хайрлах, бахархах, эрхэмлэх, дээдлэх үзэл санааг түгээн дэлгэрүүлэхэд бидний зорилго оршиж байгаа юм. Өндөр гэгээн Занабазарын алдар нэрийн эргэн тойронд оршин буй сэдэв бүрийг сурвалжлан судлах үйл ажиллагааг өргөн цар хүрээтэй зохион байгуулж, үнэ цэнт байдлыг тодотгон, хуримтлагдсан мэдлэг бүрийг хүмүүст хүртээмжтэй түгээх нь хүүхэд залуучуудад эх оронч үзлийг төлөвшүүлэх, улс орныхоо нэгдмэл байдлыг бэхжүүлэх үйлсэд хувь нэмэр оруулах ач холбогдолтой” хэмээн онцлон хэллээ.
Тус үзэсгэлэнгийн нээлтэд ССАЖЗ-ийн сайд Ч.Ундрам, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, МУ-ын Ерөнхийлөгчийн Соёл, шашны бодлогын зөвлөх Б.Сэргэлэн, төр нийгмийн зүтгэлтнүүд, ШУА-ийн хүрээлэнгийн захирлууд, Академичид, Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны төлөөлөл болон бусад албаныхан, эрдэмтэн судлаачид оролцлоо.
Мөн Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейн захирал П.Байгалмаа хэлэхдээ “Өндөр гэгээн Занабазар нь Монголчуудын оюун санаа, ур ухаан, ертөнцийг үзэх үзэл, сэтгэлгээний цар хүрээг шүтээн урлалаараа дамжуулан дэлхийн түвшний гоо зүйн ноён оргилд хүргэсэн их хүмүүн. Түүний бүтээлүүдийн дахин давтагдашгүй онцлог нь хүний биеийн хэмжээ харьцааг өөрийн судалгаа, бясалгалын ойлголттой уялдуулан шинэчлэн тодорхойлж, “Занабазарын дэг сургууль” гэх өвөрмөц хэв маягийг бүтээн бидэнд үлдээжээ.Өндөр гэгээний бүтээлийн гоо зүйн хэмжээс нь ердийн урлалын түвшнээс аль хэдийн давж, бясалгалын гүн ухааныг дүрслэх онцгой чадвараараа дорнын урлагийн сэргэн мандалтын шинэ хэмжүүрийг тогтоосон үнэт өв” гэлээ.
Үзэсгэлэнд дэлгэгдэж буй Өндөр Гэгээн Занабазарын мутрын бүтээл нь нарийн хийцтэй, уян хатан хөдөлгөөнтэй, нүүрний илэрхийлэл ба дотоод амар амгалан байдлаар бүтээж шүншиглэн амилуулсан, урлаг, уран сайхан гоо зүйн хувьд дахин давтагдашгүй бүтээлүүд юм.
”Чингис хааны удмын хутагт: Дорнын их сэргэн мандалт” үзэсгэлэн нь энэ сарын 29-ний өдрийг хүртэл музейн 9 давхрын тусгай үзүүлэнгийн танхимд өдөр бүр нээлттэй бөгөөд, зорин ирсэн үзэгчдэд үнэ төлбөргүй.
АДМИН







Урлаг соёл








