Dark Light
Урлаг соёл | 2025-11-27

“БОЛОР ЦОМ 43" ЯРУУ НАЙРГИЙН НААДМЫН ТЭРГҮҮН ШҮЛЭГ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Монголын зохиолчдын эвлэлээс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Эгшиглэнт эхийн хишигт яруу найрагч тодруулах “Болор цом” наадам өчигдөр /2025.11.26/ боллоо. Энэ удаагийн наадамд 28 яруу найрагч өрсөлдөж, 3 дугаар шатанд 15 уран бүтээлч тунаж үлджээ. “Болор цом-43” яруу найргийн наадмын тэргүүн байрын эзнээр Монголын  радиогийн редактор, МЗЭ-ийн шагналт яруу найрагч, сэтгүүлч Н.Минжинсайхан "Үг" хэмээх шүлгээрээ тодорлоо. Дэд байрыг Л.Торой, гутгаар байрыг Д.Болдхуяг, дөрөвдүгээр байрыг Б.Эрдэнэ-Очир, тавдугаар байрыг Б.Ганхүрэл нар эзэллээ.

“Болор цом” 43 яруу найргийн наадмын Тэргүүн шүлэг - "ҮГ"
Хамаг хайрыг би үгнээс авч
Хамаг хайраа би үгэнд юүлсэн
Үг миний үндэс хөрс
Үг миний өвөг дээдэс
Үггүйгээр би өнөөдрийг барж чадахгүй
Үггүйгээр би өчигдөрт харьж чадахгүй
Үггүйгээр би үнэн аж төрж, амьсгалж чадахгүй
Үггүйгээр би өргөн олон, өрөөл бусдыг ч хайрлаж чадахгүй
Үг миний мөргөлийн сүм
Үг миний өргөлийн сум
Үг миний өстөн дайсан, бас хань нөхөр
Үг миний өрөвч зан, бас тэсвэр тэвчээр
Дардам мөртөө замаа олоогүй үгэнд
Зам болж
Далавчтай мөртөө тэнгэрээ олоогүй үгэнд
Тэнгэр болж явдаг би
Үгэн дотор далавч байдгийг харж
Үг шувуу шиг нисэж дүүлдгийг ч үзэв би
Үгэн дотор өвс ногоо хөтлөлцөн ургаж 
Үг үгийнхээ салхинд гандаж хагдардгийг ч танив би
Үг миний энхрий үрс
Үг миний эх нутаг
Үг миний эх орон
Үг миний эх дэлхий билээ.
Чулуу шиг үгэнд ус хадгалж
Нэлийсэн их далайг хурааж үзсэн би
Чулуу шиг үгнээс ус мөрнийг суллаж
Цэлийсэн тэнгэрийг амрааж ч явсан би
Уул шиг үгэнд тал сөхөрдгийг харж
Ухаант өвгөдийнхөө үг сургаалыг дагасан би 
Ус мөрөн шиг үгнээс амьтан хүн ундаалахыг үзэж
Улс гэртээ эзэн суухыг ч таньсан би 
Үг миний өдөр хоног
Үг миний чөдөр аргамж
Үг миний мөр зам
Үг миний мөрөөдөл хүсэл
Үг төрж, үг өсдөг хорвоод
Үг өвдөж, үг эдгэдэг орчлонд
Үг уйлж, үг дуулдгийг таньснаас 
Үг өтөлж, үг үхдэгийг харсангүй би!
Үг миний туургат - гэр орон
Үг миний тусгаар тогтнол - эрх чөлөө! 

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.03-07