Монголын эмэгтэй DJ артист Layla анхны цомгийнхоо эхэн дуу болох "Салхи" хэмээх уран бүтээлээ гаргаж, шинэ бүтээлүүдээ сонсогчдод хүргэж эхлэв.
Тэрээр 2013 оноос хойш дуу хөгжим сонирхон DJ-ээр ажиллаж эхэлсэн бөгөөд бүжиглэх сонирхол, ур чадвар нь хөгжмийн урлагт хөл тавихад нөлөөлсөн гэдэг. Энэ ондоо тэрээр өөртөө шинэ сорилт тавьж, дуугаа өөрөө дуулж эхэлж байгаа юм.
"Салхи" дуу нь мелодик техно урсгалд Монгол хэв маяг, уртын дууг орчин үеийн хэмнэлтэй хольж бүтээгдсэн. Энэхүү бүтээлд хөгжмийн найруулгыг шинэ залуу продюсер Becku болон Layla өөрсдөө хийж, дууны шүлгийг Kenn бичиж, дуучин Б.Замбалгарав ая дууны найруулга дээр ажиллаж, "Clef recordings" студийн инженер Одмандах дууны бичлэгийг хийж гүйцэтгэсэн. Видео клипийг "March nine" студи бүтээжээ.
Layla House, techno урсгалын таван дуунаас бүрдсэн анхны EP цомгоо 2026 оны эхний сард гаргахаар төлөвлөж байгаагаа мэдэгдсэн. Одоогийн байдлаар аудио бичлэгийн ажлууд дуусч, миксинг мастерын ажлууд хийгдэж байна.
Түүний ирээдүйн зорилго нь уран бүтээлүүдээ чанартай гаргаж, үндэсний хэв маяг, монгол ёс заншил, соёлоо өөрийн бүтээлдээ шингээж, гадаадад таниулан сурталчлах явдал юм.
Б.АМАРТҮВШИН








Урлаг соёл





