Томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээний хүрээнд Монголын Хүүхдийн ордноос амралтын хугацааг наашлуулж, “Харшийн сүлд модны наадам”-ыг теле хэлбэрээр хүргэнэ
Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн хуралдааны шийдвэр, Боловсролын сайдын албан даалгавар болон Эрүүл мэндийн яамны зөвлөмжийг үндэслэн томуу, томуу төст өвчний тархалтаас урьдчилан сэргийлэх зорилгоор Монголын Хүүхдийн ордон албан мэдэгдэл гаргалаа.
Амралтын хугацааг наашлуулжээ
Хүүхдийн ордны дугуйлангуудын өвлийн амралт анх 2025 оны арванхоёрдугаар сарын 22-нд эхлэхээр төлөвлөгдсөн байсан ч нөхцөл байдалтай холбогдуулан 2025 оны арванхоёрдугаар сарын 12-ноос амралтад гаргахаар шийдвэрлэв. Амралтын хугацаанд орох байсан хичээлээс хоцрогдохгүй байх үүднээс хаврын улиралд хичээлийн үргэлжлэх хугацааг сунган нөхөж зохион байгуулахыг мэдэгдэлд дурджээ.
“Харшийн сүлд модны наадам” теле контент болон хүрнэ
1958 онд байгуулагдсанаас хойш жил бүр зохиогдож ирсэн хүүхэд багачуудын хүсэн хүлээдэг уламжлалт “Харшийн сүлд модны наадам” энэ жил тасалдахгүй. Гэхдээ олон нийтийн эрсдэлийг бууруулах үүднээс орчин үеийн технологийн шийдлээр баяжуулсан теле контент хэлбэрээр хүргэхээр болжээ. Ийнхүү 67 дахь удаагийн баярын наадам телевиз болон цахим сувгаар хүрэх юм.
Халдвар хамгааллыг чанд сахихыг анхааруулав
2025 оны арванхоёрдугаар сарын 1-нээс эхлэн дугуйлангийн сурагч, багш, ажилчид амны хаалт зүүх, улавч өмсөх, халдвар хамгааллын дэглэмийг сайтар мөрдөхийг Монголын Хүүхдийн ордон онцгойлон анхаарууллаа.

Монголын Хүүхдийн ордон
2025.11.29
Б.АМАРТҮВШИН








Урлаг соёл





