Чарли Чаплины инээдмийн кино “City Lights” анх гарснаасаа хойш 95 жилийн дараа ч бүх цаг үеийн хамгийн агуу кинонуудын нэгээр нэрлэгдсээр байна. Түүний нэр хүндэд нөлөөлсөн хамгийн гол шалтгаан нь киноны төгсгөлийн мөч билээ.
1966 онд Life сэтгүүл Чаплинаас өөрийнх нь хамгийн дуртай киног асуухад тэр “City Lights”-ийг нэрлээд, даруухнаар “Боломжийн, сайн хийгдсэн кино” хэмээн хэлсэн байдаг.

1931 оны 1-р сарын 30-нд Лос Анжелесын Театрт нээлтээ хийснээс хойш Чаплины тэнүүлчин (Tramp) дүр сохор цэцэгчин охинд (Виржиниа Черрилл) дурлаж, тэр охин түүнийг баян хүн гэж эндүүрдэг энэхүү романтик инээдмийн киног кино сонирхогчид, уран бүтээлчид өндөр үнэлсээр иржээ.
1952 онд Британийн Кино Хүрээлэн (BFI) бүх цаг үеийн хамгийн шилдэг кинонуудын анхны жагсаалтаа гаргахад “City Lights” нь Чаплины “The Gold Rush” (1925) киноны хамт хоёрдугаар байранд орсон байна.
Стэнли Кубрик, Орсон Уэллс, Андрей Тарковский нар уг киног дуртай бүтээлүүдийнхээ нэг хэмээн нэрлэж байсан бол “The Night of the Hunter” киноны зохиолч Жэймс Эйжи “кино урлагийн түүхэн дэх хамгийн агуу жүжиглэлт” гэж тодорхойлжээ. Тэрхүү мөч нь “City Lights” киноны яг төгсгөлд гардаг. Хараатай болсон цэцэгчин охинтой дахин учрах үед Тэнүүлчин түүнийг дүүрэн хайртайгаар ширтэж, камер аажмаар харанхуйд ууссанаар кино төгсөнө.
Энгийн атлаа асар хүчтэй сэтгэл хөдлөл шингэсэн энэ кадрыг кино түүхэн дэх хамгийн агуу төгсгөл гэж үздэг байна.

|
Эх сурвалж
| BBC
|
Б.ЭНХЗАЯА







Урлаг соёл








