Орчин цагийн Дамчаа гэгдэх болсон жүжигчин Э.Тодгэрэл "Тусгаар тогтнол" кинонд дэлгэцийг ноёлох нь. Драмын театрын гялалзсан залуу ирээдүй байсан тэрбээр кино урлагт тод од болон гялалзаж эхэллээ. Түүн шиг сар хүрэхгүй хугацаанд гол дүрд нь тоглосон хоёр кино нь ээлж дараалан нээлтээ хийж байгаа жүжигчин одоогоор алга. Э.Тодгэрэл "Хийморь" кинонд Бадарчин дүрээр тухайн он цаг онцлогийг гарган алмайруулсан бол Дилав хутагтын дүрд тоглохдоо түүхийн хичээлд суух шахуу нарийн судалжээ.
Тэрээр, Дилав хутагт бол уншаад, судлаад дуусахгүй арвин их түүх гэдгийг дүрийн судалгаагаа хийж байхдаа мэдэж, бахархаж, басхүү өрөвдмөөр мэдрэмж төрж байсан тухай хуваалцжээ.
"Би шашны зүтгэлтэн" гэж хямсганадаггүй тун энгийн хүн байсан гэсэн. Дүрээ судалж байхад Башлуугийн Жамсранжав гуайн хэлсэн нэг үг сэтгэлд үлдсэн. Түүнээс нэг хүн “Танай өнөөгийн Монголд улааны засаг тогтносоор танай шашин ном доромжлогдон доройтож, хүн ард чинь ихээр хэлмэгдэн, цус урслаа. Өнөөгийн Монголын нийгэм, засаглалыг өөрчлөх, шинэчлэх бодол танд байдаг уу” гэж асуухад Дилав хутагт Жамсранжав “Арай гэж эвлэсэн ваарыг дахиж хагалаад яах вэ дээ. Эргэж бүрэлдээ ч үү, үгүй ч үү. Нэгэнт л туурга тусгаар, Бүрэн эрхт Монгол Улсын гал голомт асаж л байгаа цагт тэр зэргийн золиос байлгүй л яах вэ” гэж хэлсэн байгаа юм. Тэр үеийн олон залуу гэр бүл, амиа эх орныхоо тусгаар тогтнолын төлөө зориулсан. Бидний эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөө тэд их ч зүйл хийж дээ гэдгийг энэ кинонд дүр бүтээх явцдаа бодож байлаа" гэв.
"Тусгаар Тогтнол" бошиг сахигч түүхэн уран сайхны кино 3-р сарын 6-наас бүх кино театруудаар гарна.
АДМИН







Урлаг соёл









