Кино урлагийн салбарт олон жил үр бүтээлтэй ажиллаж, салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан уран бүтээлчдийг төрөөс өндрөөр үнэллээ. Кино урлагийн зөвлөлөөс тодорхойлсны дагуу Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зарлигаар 2026 оны 3 дугаар сарын 5-ны өдөр дууны найруулагч Самбуу овогтой НЭРГҮЙ, Машлай овогтой БОЛД нарыг Монгол Улсын төрийн дээд шагнал “Алтан гадас” одонгоор шагналаа.
Самбуугийн Нэргүй нь 1990-ээд оноос хойш кино, телевизийн салбарт тасралтгүй ажиллаж, МҮОНТВ, “Монгол кино” нэгтгэл, ТВ-9 телевиз, “Соёмбо” кино театр зэрэг байгууллагад дууны оператор, дууны найруулагчаар ажиллан мэргэжлийн өндөр ур чадвараа харуулсан туршлагатай уран бүтээлч юм. Тэрбээр “Чонон заяа”, “Сүүн нулимс”, “Орхидос” цуврал, “Ану хатан”, “Үргээлэг”, “Сүүн замын сахиул” зэрэг 60 гаруй кино, уран бүтээлд дууны найруулагчаар ажиллаж, салбарын хөгжилд бодитой хувь нэмэр оруулсан байна.
Машлайн Болд нь дууны найруулагч, продюсер мэргэжлээр олон жил үр бүтээлтэй ажилласан туршлагатай уран бүтээлч юм. Тэрбээр “Монгол кино” нэгтгэлд дууны найруулагч, Кино урлагийн дээд сургуульд багшаар ажиллаж, мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх үйлсэд идэвхтэй оролцсон уран бүтээлч юм. Одоогоор “Брос рекордс Монголиа”-ийн ерөнхий продюсероор ажиллаж байна.
АДМИН








Урлаг соёл









