Монгол Улсын Үндэсний Номын Сан дахь Ерөнхийлөгчийн нэрэмжит Эрдэм шинжилгээний уншлагын танхимд өнөөдөр ХХ зууны Монгол Улсын нийгэм, эдийн засгийн түүхэнд холбогдох нэгэн гар бичмэлийг Монгол судлал, гар бичмэлийн сан хөмрөгт хүлээлгэн өгөх ёслол боллоо.
Монголын Сангийн яамны жинхэнэ сайд, Гадаад явдлын яамны дэд сайдаар ажиллаж байсан Санжийн Довчин (1895-1940), шавь Чойлингийн хамтаар бичсэн "Монголын эдийн засгийн байдал хэрхэн уламжлагдаж ирсэн тухай" хэмээх гар бичмэл эрдэмтэн Д.Дашжамц агсны номын санд хадгалагдаж байсныг түүний охин Д.Саруул-Оюун зарим эрдэмтдийн хамтаар номын сангийн захирал Б.Ичинхорлоод гардуулж, сан хөмрөгт хүлээлгэн өгсөн юм. Ийнхүү номын сангийн сан хөмрөг нэгэн үнэтэй чухал баримтаар баяжлаа.
"Монголын эдийн засгийн байдал хэрхэн уламжлагдаж ирсэн тухай" хэмээх 99 жилийн түүхтэй уг гар бичмэлийг Монголын нийгэм-улс төрийн сэтгэлгээний түүхийн чиглэлээр судалгаа хийж, олон арван бүтээл туурвисан нэрт эрдэмтэн Дуламын Дашжамц (1930-2015) агсны судалгааны зорилгоор хадгалж байжээ.
Ёслолд ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэнгийн Ойрх үеийн түүхийн салбарын эрхлэгч, доктор (Ph.D) Д.Эрдэнэбат “Монголын эдийн засгийн байдал хэрхэн уламжлагдаж ирсэн тухай хэмээх гар бичмэл” гэсэн сэдвээр уг гар бичмэлийн агуулга, түүхэн ач холбогдлын талаар илтгэл толилуулж, СУИС-ийн СУСХ-ийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор М.Золзаяа эрдэмтэн Д.Дашжамцын гар бичмэлийг хадгалахад оруулсан хувь нэмрийн талаар танилцуулга хийв. Тус номын сангаас эрдэмтэн Д.Дашжамцын гол бүтээлүүдээр үзэсгэлэн гаргалаа.
Мөн ёслолд ШУА-ийн НУСБЧ-ы дарга академич Н.Бэгз, Монгол Улсын Гавьяат хуульч доктор (Sc.D), профессор Д.Лүндээжанцан, Монгол Улсын Гавьяат багш доктор (Sc.D), профессор С.Төмөр-Очир, Дархан аварга Б.Бат-Эрдэнэ, Ардын уран зохиолч Ж.Саруулбуян, Ардын багш Л.Дашням, ахмад судлаач А.Жамбал, ахмад дипломатч Л.Эрдэнэчулуун, Монгол Улсын Гавьяат багш, доктор, профессор Т.Мөнхцэцэг, Монгол Улсын Шинжлэх ухааны Гавьяат зүтгэлтэн профессор З.Лонжид, С.Цэдэндамба, доктор (Sc.D), профессор Д.Тунгалаг нарын эрдэмтэн судлаачид оролцов.
АДМИН








Урлаг соёл





