Монголын утга зохиолын нэрт төлөөлөгч, төр, нийгмийн зүтгэлтэн Ч.Лодойдамбын сор бүтээлүүдийн нэг болох XX зууны шилдэг роман “Тунгалаг тамир” романыг Архангай аймгийн Монгол Улсын Ардын Жүжигчин Д.Ичинхорлоогийн нэрэмжит Хөгжимт драмын театр мюзикл хэлбэрт оруулан тайзны шинэ бүтээл болгон урын сангаа баяжууллаа.
“Тунгалаг тамир” мюзикл жүжгийн хөгжмийг Төрийн шагналт, хөгжмийн зохиолч Ц.Нацагдорж анх зохиож эхэлсэн боловч бүрэн дуусгаж амжилгүй таалал төгссөн тул түүний шавь “Анир” поп оркестрын удирдаач, Урлагийн Гавьяат зүтгэлтэн Б.Алтанхуяг үргэлжлүүлэн орчин үеийн, шинэ өнгө аясыг шингээн найруулж, хөгжмийн зохиолч Ц.Нацагдоржийн мэндэлсний 75 жилийн ой, “Анир” поп оркестрын 25 жилийн ойд зориулан тоглуулж байгаагаараа онцлог юм.
Энэхүү бүтээлийн хөгжмийн зохиолчоор төрийн шагналт, хөгжмийн зохиолч Ц.Нацагдорж, удирдаач, урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Алтанхуяг, цомнолын зохиолчоор төрийн соёрхолт, соёлын гавьяат зүтгэлтэн Д.Төрбат, Т.Зөнбилэг оролцсон бөгөөд энэ удаагийн мюзиклийн ерөнхий найруулагчаар Д.Ганболд, ерөнхий хормейстроор соёлын тэргүүний ажилтан О.Эрдэнэцог, ерөнхий зураачаар Соёлын тэргүүний ажилтан Ч.Батболд, хөдөлгөөний найруулагчаар Соёлын тэргүүний ажилтан Ш.Дамдинбазар, хувцасны зураачаар Соёлын тэргүүний ажилтан Б.Амаржаргал нар тус тус ажиллаж, Архангай аймгийн Ардын жүжигчин Д.Ичинхорлоогийн нэрэмжит Хөгжимт драмын театрын жүжигчид, “Анир” поп оркестрын хөгжимчид болон СУИС-ийн дуулаачийн ангийн оюутнууд хамтран оролцож байна.
Монголын үндэстний утга зохиолын өв “Тунгалаг тамир” роман нь ийнхүү орчин үеийн мюзикл төрлөөр дамжуулан тайзны бүтээл болсноороо хүүхэд залуусын урлагийн боловсролыг дээшлүүлэх, гоо зүй, танин мэдэхүйд чухал ач холбогдолтой бөгөөд симфони найрал хөгжимтэй хослон орчин үеийн хэв маягаар дэглэгдсэн анхны мюзикл жүжиг болж, орон нутгийн мэргэжлийн урлагийн байгууллагын уран бүтээлчдийн ур чадварыг шинээр нээн харуулснаар Монголын тайзны урлагт шинэ хуудсыг нээлээ.
АДМИН







Урлаг соёл




