Монгол Улсын Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ж.Алдаржавхлан Бүгд Найрамдах Итали Улсын Венето мужийн зөвлөлийн Дэд Ерөнхийлөгч Андре Микализи-тэй уулзаж, соёл, аялал жуулчлалын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлаар санал солилцлоо.
Уулзалтын үеэр сайд Ж.Алдаржавхлан Монголын соёлын өв, түүхэн уламжлалыг олон улсад сурталчлах нь аялал жуулчлалын салбарын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх чухал боломж болохыг онцолж, Венето муж-д Монгол Улсыг сурталчилсан тусгай үзэсгэлэн зохион байгуулах санал дэвшүүлэв. Тэрбээр хоёр орны түүхэн харилцаа, нүүдлийн соёл иргэншлийн өвийг олон улсад таниулах чиглэлээр хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийллээ.
Мөн талууд соёлын өвд тулгуурласан аялал жуулчлалыг хөгжүүлэх, хамтарсан соёлын арга хэмжээ, үзэсгэлэн зохион байгуулах, боловсрол, судалгааны хамтын ажиллагааг дэмжих боломжийн талаар ярилцав.
Италийн тал Монголын соёлын өвийг сурталчлах санаачилгыг дэмжиж, Бүгд Найрамдах Итали Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамтай хамтран үзэсгэлэн зохион байгуулах боломжийг судлан ажиллахаа илэрхийллээ.
Жилдээ 73 сая жуулчин хүлээн авдаг Венето мужтай хамтын ажиллагаа эхлүүлж буй нь Монголын аялал жуулчлалын бүтээгдэхүүнийг Европын зах зээлд сурталчлах, соёлын аялал жуулчлалыг шинэ түвшинд гаргах чухал алхам болж байгааг талууд онцлон тэмдэглэв.
АДМИН







Урлаг соёл






