Дэлхийн улс орнуудад тархсан Монголын түүх, соёлтой холбоотой дурсгалуудыг эрж хайх, хамтран судлах, хэвлэн нийтлэх, мэдээллийн сан үүсгэх зорилготой “Дэлхийд тархсан Монгол өв” төслийг Чингис хаан Үндэсний музейн захирал, академич С.Чулуун 2014 оноос санаачлан хэрэгжүүлж байгаа бөгөөд өдгөө 13 боть бүтээл олны хүртээл болоод байна.
Тэгвэл тус цувралын 14 дэх бүтээл болох “Франц дахь Монголын түүх, соёлын өв” хамтын бүтээлийг хэвлэн нийтлүүлэх гэрээг Бүгд Найрамдах Франц Улсын Парис хотноо байрлах Монгол Улсын Элчин сайдын яаманд байгууллаа. Гэрээнд Францын Монгол судлалын холбооны тэргүүн, Монголын бурхны шашин, соёл судлаач Изабел Шарлө болон академич С.Чулуун нар гарын үсэг зурсан юм.
Энэ үеэр академич С.Чулуун Монгол Улсаас Бүгд Найрамдах Франц Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд У.Нямхүүд хандан “Энэхүү хамтын бүтээл хэвлэгдэн гарснаар хоёр улсын түүх, соёлын харилцаанд томоохон ахиц гарч, эрдэмтдийн хамтын ажиллагааг өргөжүүлэхийн зэрэгцээ соёлын өвийн бүтээлүүдийг судалгааны эргэлтэд оруулах чухал ач холбогдолтой”-г онцлов. Мөн тэрбээр Элчин сайдаар ажиллах хугацаандаа Монгол, Францын соёлын харилцаанд онцгой гавьяа байгуулж, 2023 онд Нант хотын Түүхийн музейд “Чингис хаан: Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” олон улсын үзэсгэлэнг амжилттай зохион байгуулахад үнэтэй хувь нэмэр оруулсанд нь талархал илэрхийллээ.
Франц Улс нь Монголын түүх, соёлд холбогдох арвин өв сантай орны нэг бөгөөд тус номд Францын Лувр, Сэвр, Брэнли, Азийн урлагийн Гимэ музей, Үндэсний архив, Үндэсний номын сан зэрэг 30 гаруй байгууллага, сүм хийдэд хадгалагдаж буй урьд өмнө нийтлэгдээгүй эд өлгийн зүйлс, ховор гэрэл зургуудыг багтаах юм. Тухайлбал, Гильом де Рубрукийн тэмдэглэл, Ил хаадын захидал, керамик урлалын бүтээлүүд, Юань улсын болон угсаатны зүйн эд өлгийн дурсгал, шашны холбогдолтой 300 гаруй ховор нандин дурсгал багтаж байна.
“Дэлхийд тархсан Монгол өв” цуврал нь Монголчуудтай холбоотой түүх, соёлын дурсгал, эд өлгийн зүйлсийг олж илрүүлэх, хамтран судлах, хэвлэн нийтлэх албан ёсны зөвшөөрөл, мэргэжлийн тайлбар зүүлттэйгээр монгол, англи, орос хэлээр гардаг бөгөөд цаашид нийт 20 боть хэвлэгдэх төлөвлөгөөтэй юм.







Урлаг соёл







