“Эх байгалиа сэргээж, итгэл найдвараа бадраая” уриан дор Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын Конвенцын талуудын 17 дугаар бага хурал (COP-17) 2026 оны 8 дугаар сарын 16-28-ны өдрүүдэд Монгол Улсад зохион байгуулагдана.
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газар, Кино урлагийн зөвлөл хамтран “Өсвөрийн кино бүтээгчдийн уралдаан – 2026” үйл ажиллагааг тус бага хурлын бэлтгэл ажил, сурталчилгааны хүрээнд Олон улсын хүүхдийн Найрамдал цогцолборт зохион байгуулж байна.
Өсвөр үеийнхэнд кино урлагийн боловсрол олгох, тэдний бүтээлч сэтгэлгээ, багаар ажиллах чадварыг хөгжүүлэх, байгаль орчин, тогтвортой хөгжлийн талаарх ойлголтыг нэмэгдүүлэх зорилгоор зохион байгуулж байгаа эл арга хэмжээнд нийслэл, орон нутгийн 100 сурагч оролцож байна.
Энэхүү үйл ажиллагаанд оролцогч хүүхдүүдэд “Кино гэж юу вэ, Кино хэрхэн бүтдэг вэ” сэдвээр танилцуулга хийж, кино зохиол, найруулга, кино продюсер, орчуулгын киноны дуу оруулалт, киноны нүүр хувиргалт, кино зураглаач, кино зураач, кино жүжигчин гэсэн долоон чиглэлээр уран бүтээлч зочин багш нар мэдээлэл хийлээ.
Мөн оролцогч хүүхдүүд “Цөлжилтийн эсрэг бидний дуу хоолой” сэдвийн дор 5–10 хүний бүрэлдэхүүнтэй багт хуваагдаж, орон нутагт тулгамдаж буй байгаль орчны доройтлыг тусгасан богино хэмжээний кино бүтээж өрсөлдөнө.
Сурагчдын бүтээлийг мэргэжлийн комисс агуулгын нийцэл, бүтээлч байдал, үзэл бодлын илэрхийлэл, хэл найруулгын шалгуураар үнэлж, шилдэг киног тодруулан Цөлжилтийн эсрэг НҮБ-ын бага хурал (COP17)-ын үеэр олон нийтийн хүртээл болгох ажээ.

АДМИН







Урлаг соёл






