Өнөөдөр "Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр" тохиож байна. Монгол Улс энэ өдрийг 1952 оноос эхлэн тэмдэглэж ирсэн бөгөөд хүүхэд багачуудын эрх, хамгаалал, хөгжилд анхаарал хандуулах зорилгоор улс орон даяар олон төрлийн арга хэмжээг уламжлал болгон зохион байгуулдаг. Мөн энэ өдөр бүх нийтээрээ амарч, хүүхдийн сайн сайхан ирээдүйн төлөөх үйл хэрэгт нийгмийн анхаарлыг төвлөрүүлдэг онцлогтой.
Энэ жилийн Хүүхдийн баяраар нийслэл хотод болох онцлох арга хэмжээнүүдийг хүргэж байна.
- СҮХБААТАРЫН ТАЛБАЙД: "ХАКИ" ХҮҮХДИЙН БАЯРЫН НЭГДСЭН ҮЙЛ АЖИЛЛАГАА -
Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан “Хаки” хүүхдийн баярын нэгдсэн арга хэмжээг зургаадугаар сарын 1-ний 10:00 цагаас Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулна. Энэ үеэр нийт есөн өртөөгөөр дамжуулан байгууллагуудын үйл ажиллагаатай танилцах, эмчийн үзлэгт хамрагдах, эх, хүүхдийн амрах хэсэг, урлагийн тоглолт, мюзикл жүжиг, баярын парад зэргийг толилуулна.
- ХҮЙ ДОЛООН ХУДАГТ "МОНГОЛ ХҮҮ 2026" ҮНДЭСНИЙ ХҮҮХДИЙН БАЯР -
Хүүхэд багачуудыг монгол ёс заншил, өв соёлтой нь танилцуулж, үндэсний уламжлалыг өвлүүлэн түгээн дэлгэрүүлэх зорилготой “Монгол хүү 2026” үндэсний хүүхдийн баяр долоо дахь жилдээ зохион байгуулагдана. Баярын хүрээнд хүүхдийн үндэсний бөхийн барилдаан, сур харваа, гүйлтийн уралдаан, сагсан бөмбөгийн тэмцээн зэрэг уламжлалт арга хэмжээнүүд болохоос гадна морь унах, эдлэх ёс болон монгол ахуй, соёлыг сурталчлан таниулах олон төрлийн хөтөлбөрийг зохион байгуулах юм.
Түүнчлэн гэр бүл, найз нөхдөөрөө Хүй долоон худагт майхан, асраа барин цэвэр агаарт нэг өдрийг өнгөрүүлж, урлагийн тоглолт үзэн, төрөл бүрийн тэмцээн уралдаанд оролцох боломжтой. Арга хэмжээнд хүрэлцэн ирсэн хүүхэд бүр сугалаанд оролцож, хамтран ажиллагч байгууллагуудын гардуулсан шагналын эзэн болох боломжтой юм.

- ТӨВ ЦЭНГЭЛДЭХ ХҮРЭЭЛЭНГИЙН СУРЫН ТАЛБАЙД: “KIDS EXPO 2026” ҮЗЭСГЭЛЭН ЯАРМАГ -
Хүүхэд, гэр бүлийн чиглэлийн хамгийн томоохон нэгдсэн арга хэмжээ болох “KIDS EXPO 2026” үзэсгэлэн яармаг тавдугаар сарын 29-нөөс зургаадугаар сарын 1-ний өдрүүдэд Төв цэнгэлдэх хүрээлэнгийн сурын талбайд үргэлжилж байна.
Үзэсгэлэнгийн үеэр хөгжилтэй алиалагчид, хүүхэлдэйн баатруудын жүжигчилсэн тусгай хөтөлбөрүүд хүүхэд багачуудын сонирхлыг татах бол хүүхдүүдийн дуртай “Үлэг гүрвэл” дууг Night Train хамтлаг болон Хоньчин Лхагваа нар тайзнаа дуулж, бяцхан үзэгчдэдээ баярын бэлэг барих аж. Мөн бүх насны хүүхдэд зориулсан “Kids Got Talent” нээлттэй хөтөлбөр зохион байгуулагдаж байгаа бөгөөд оролцогчид өөрсдийн авьяас чадварыг үнэ төлбөргүйгээр тайзан дээр чөлөөтэй үзүүлэх боломжтой юм. Дуу, бүжиг, хөгжим, жүжиг, шүлэг унших, циркийн үзүүлбэр зэрэг төрөл бүрийн үзүүлбэрээр оролцох боломж нээлттэй байна.
Олон улсын Хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан зургаадугаар сарын 1-ний өдрийн 14:00 цагт Корпорейт Конвеншн Центрын их танхимд “Гайхамшигт нохой Чарли” хүүхэлдэйн киног ганцхан удаа толилуулах гэж байна.
Тус бүтээлд Дани хүүгийн хайртай, үнэнч нохой Чарли санамсаргүй байдлаар харь гарагийн биеттэй учирснаар ер бусын хүч чадалтай болдог тухай өгүүлнэ. Энэ үеэр дэлхийг эзлэх нууц төлөвлөгөө боловсруулсан муурнуудын бүлэглэл гарч ирэх бөгөөд Чарли эзэнтэйгээ хамтран хорон санаат муурнуудын эсрэг тэмцэж, дэлхийг аврах адал явдалд хөл тавина.
- Үргэлжлэх хугацаа: 95 минут
- Насны ангилал: 3+
- Тасалбарын үнэ: 15.000₮

- УЛСЫН ХҮҮХЭД ЗАЛУУЧУУДЫН ТЕАТР-"АРСЛАН ХҮЛЭГТ БААТАР" ХҮҮХДИЙН ЖҮЖИГ -
Эр зориг, нөхөрлөл, ид шидийн гайхамшгийг өгүүлэх “Арслан хүлэгт баатар” хүүхдийн жүжиг зургаадугаар сарын 1-ний өдөр 11:00 цагт Улсын хүүхэд, залуучуудын театрын тайзнаа ганцхан удаа тоглогдох гэж байна.
Бяцхан үзэгчдийг адал явдал, урам зориг, ид шидээр дүүрэн ертөнцөд хөтлөн аваачих энэхүү жүжиг нь цэцэрлэгийн болон бага ангийн насны хүүхдүүдийн хамгийн дуртай бүтээлүүдийн нэг бөгөөд инээд хөөр, баяр баясал, аз жаргалыг бэлэглэдгээрээ онцлогтой. Жүжгийн зохиолчоор Д.Нацагдоржийн болон Монголын зохиолчдын эвлэлийн шагналт Н.Сүхдорж, ерөнхий продюсерээр Монгол Улсын гавьяат жүжигчин Н.Ариунболд, ерөнхий найруулагчаар Соёлын тэргүүний ажилтан Б.Энхээ ажиллажээ.

- "ХҮН ТЕАТР" АРДЫН УРЛАГИЙН ТОГЛОЛТ -
“Хүн театр” нь үндэсний язгуур урлаг ардын уртын дуу, морин хуурын татлага, хөөмэй, хөгжмийн цөөхүүл, язгуур бий биелгээ, бөө бүжиг, уран нугаралтаас бүрдсэн үзүүлбэрүүдээр гадаад, дотоодын үзэгчиддээ өдөр бүрийн 16:00 цагаас Скай ресорт байрлалтай "Хүн театр"-т 2026.06.01-2026.10.01 хүртэл тогтмол тоглоно.
- Хаана:Хүн театр
- Хэзээ:2026.06.01 16:00
- Зохион байгуулагч:Хүн Театр
- Үргэлжлэх хугацаа:60 Минут
- Насны ангилал: 3+

- УЛСЫН ДУУРЬ БҮЖГИЙН ЭРДМИЙН ТЕАТР - "ДЭГГҮЙ ЛИЗ" БАЛЕТ -
Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөр Ф.Херольдын "Дэггүй Лиз" балет ганцхан удаа тайзнаа тоглогдоно.
- Үргэлжлэх хугацаа: 90 минут
- Насны ангилал: 6+
- Тасалбарын үнэ: 40.000-80.000₮

Б.АМАРТҮВШИН








Урлаг соёл




