Монголын уран зохиол бол монгол ахуй, сэтгэлгээ, уран сэтгэмж, дүр дүрслэлийн илэрхийлэл төдийгүй үндэсний нэгдмэл үнэт зүйлийн бахархалт оюуны өв юм. Энэхүү өвийг хадгалан хамгаалах, түгээн дэлгэрүүлэх, залуу үеийн уран бүтээлчдийг дэмжих төрийн бодлогын хүрээнд Монгол Улсын Засгийн газрын 2026 оны 42 дугаар тогтоолоор Төрийн шагналт яруу найрагч Ринчиний Чойномын мэндэлсний 90 жилийн ойг улсын хэмжээнд тэмдэглэн өнгөрүүлж байна.
Монголын соёл, урлагийн салбарын алдартнуудын тэгш ойг тэмдэглэхдээ тэдний уран бүтээл, туурвил зүйг судлах, эрдэм шинжилгээний эргэлтэд оруулах, эх оронч үзлийг төлөвшүүлэхэд анхаардаг. 2026 онд үндэсний утга зохиолын нэрт төлөөлөгч Дашдоржийн Нацагдорж, Ринчиний Чойном зэрэг алдартнуудын өвийг хамгаалах, сурталчлах олон талт ажлууд өрнөж байгаагийн нэг нь Р.Чойномын нэрэмжит “Оюухай-2026” яруу найргийн наадам юм.
Ойн хүрээнд Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралын ивээл дор зохион байгуулагдсан тус наадамд нийт 68 яруу найрагч бүтээлээ ирүүлснээс хоёрдугаар шатанд 28 найрагч шалгарч, шүлгээ толилууллаа. Энэхүү наадам нь яруу найрагчдын бүтээлч оролцоог нэмэгдүүлж, үндэсний утга зохиолын залгамж чанарыг хадгалах, шинэ үеийн авьяастнуудыг нээн илрүүлэх, эх хэл, соёлын үнэт өвийг түгээн дэлгэрүүлэхэд хувь нэмэр оруулсан ач холбогдолтой үйл явдал боллоо.
Наадмын шилдгүүд:
- Тэргүүн байр (“Оюухай” алтан цомын эзэн): Г.Сэр-Одын нэрэмжит шагналт яруу найрагч Балдоржийн Алтанхуяг
- Дэд байр: Залуу яруу найрагч Баярсайханы Энэрэл
- Гуравдугаар байр: МЗЭ-ийн шагналт, яруу найрагч Лхамсүрэнгийн Торой
- Дөрөвдүгээр байр: Залуу яруу найрагч Пүрэвжалын Намуун
- Тавдугаар байр: МЗЭ-ийн шагналт яруу найрагч Эрдэнэбаярын Гантулга
АДМИН







Урлаг соёл







