Dark Light
Урлаг соёл | 2026-06-15

УРАН НУГАРАЛТЫН ЧУУЛГА УУЛЗАЛТ БОЛНО

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Монголын циркийн урлагийн онцлох төрөл болох уран нугаралтыг олон улсад сурталчлах зорилготой “УЯН” Монголын Уран Нугаралтын Чуулга Уулзалт 4 дэх жилдээ үргэлжилж байна. 2023 оноос хойш Лас Вегас, Улаанбаатар, Миннесота хотуудад зохион байгуулагдсан тус арга хэмжээ 1000 гаруй оролцогчийг нэгтгэж, уран бүтээлчид, судлаачид болон бүтээлч салбарын төлөөллүүдийн хамтын ажиллагааны талбар болж өргөжиж байна.
Энэхүү соёлын томоохон арга хэмжээг Монголын уран нугаралтын чуулганыг үүсгэн байгуулагч, МУГЖ Жамъянгийн Эрдэнэчимэг, Ерөнхий зохион байгуулагч, МУГЖ Эрдэнэ-Очирын Лхагва-Очир, болон Монголын уран нугаралтын холбооны тэргүүн, МУГЖ Лодойн Энхцэцэг нар удирдан зохион байгуулах бөгөөд уг чуулга уулзалт 2026 оны 6 дугаар сарын 19-нөөс 21-ний өдрүүдэд Тэрэлжид гурван өдрийн турш үргэлжилнэ.
Нийт 3 өдрийн турш дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн уран бүтээлчид, багш, суралцагчид цуглаж эрдэм шинжилгээний илтгэл, уралдаан, баримтат кино, воркшоп сургалт болон гала тоглолтыг толилуулах юм.
Уран нугаралт, циркийн урлаг, үндэсний хөгжмийг орчин үеийн тайзны шийдэлтэй нэгтгэсэн, МУГЖ Э.Лхагва-очирын найруулсан дээд зэрэглэлийн шоу тоглолт мөн болох юм. Үүнд:
  • МУГЖ Э.Лхагва-очирын "Сандалтай тэнцвэрийн гайхамшиг" 
  • Монте Карлогийн циркийн наадмын Хүрэл цомын эзэд Nomads Archers Girls хамтлаг 
  • Хүн театрын жүжигчдийн "Үндэсний бүжиг" (МУГЖ Д.Энхгэрэлийн дэглэлт) 
  • АкроМонголиа хамтлаг, МУСТА Баянбилэг (алиалагч) болон Folk Rock хамтлагийн амьд тоглолтууд зэрэг багтсан.
Түүнчлэн гадаад, дотоодын зочдод Монгол соёлыг таниулах зорилгоор үндэсний бөх, харваачид, морьтон залуусын үзүүлбэр, Одод түгсэн Тэрэлжийн задгай талбайд DJ сет, амьд хөгжмийн хамтлаг, галтай циркийн үзүүлбэрүүд гээд олон сонирхолтой хөтөлбөрүүдтэй аж.
Энэ удаагийн чуулганы хамгийн том гэнэтийн бэлэг бол дэлхий нийтийн анхаарлыг татсан Netflix-ийн "Physical: Asia" шоуны шилдэг оролцогчид болох Dominic Di Tommaso, Justin Coveney, Mark Mugen нар Монгол багийн шилдэг оролцогчдын хамт хүндэт зочноор оролцох юм.
"УЯН - 2026" нь зөвхөн урлагийн наадам төдийгүй Монгол Улсыг олон улсад сурталчлах, соёлын аялал жуулчлалыг татах стратегийн чухал ач холбогдолтой. 

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.13-15
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.19, 20
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.19-21
Үзвэрийн хувиарууд
Image
2026.07.16