Dark Light
Урлаг соёл | 2026-06-15

ЕВРОАЗИЙН МУЗЕЙН УДИРДЛАГУУД МОНГОЛ УЛСАД ЧУУЛЛАА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн ивээл дор зохион байгуулагдаж буй “ЕВРОАЗИЙН ИХ СОЛИЛЦОО: ИРЭЭДҮЙН БОЛОМЖ, ХАМТЫН АЖИЛЛАГАА” олон улсын анхдугаар чуулган 2026 оны 06 дугаар сарын 15-ны өдөр Чингис хаан Үндэсний музейд эхэллээ.
 
Евроазийн бүс нутаг нь хүн төрөлхтний олон мянган жилийн түүх, соёлын өвийг хадгалж ирсэн дэлхийн соёлын солилцооны гол огтлолцол юм. Энэхүү бүс нутгийн музей болон соёлын өвийн байгууллагууд нь соёлын биет болон биет бус өвийг хадгалан хамгаалах, судлах, олон нийтэд сурталчлах чиглэлээр тэргүүлэх үүрэг гүйцэтгэдэг билээ.
 
Монгол Улсад соёлын дипломат харилцааны шинэ хуудсыг нээж буй тус чуулганд БНСУ-ын Үндэсний музей, ОХУ-ын Эрмитажийн улсын музей, Дорно дахины улсын музей, Швейцарын Ритберг музей, Унгар, Финланд, Польш зэрэг Ази, Европын 20 гаруй орны 55 томоохон музейн удирдлага, төлөөлөгчид хүрэлцэн ирсэн нь манай улсын түүхэнд бичигдэх үйл явдал болж байна.
 
Чуулганд оролцогчид музейн хөгжлийн бодлого стратеги, соёлын өвийн хадгалалт хамгаалалт, дижитал инновац, маркетинг, музейн боловсрол зэрэг сэдвүүдийн хүрээнд илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүлэх юм. Чуулган нь Олон улсын музейн зөвлөл (ICOM)-өөс 2026 оныг “Хуваагдмал дэлхийг нэгтгэж буй музейнүүд” уриан дор тэмдэглэж буй үзэл санаатай нэгдэж, олон улсын түвшинд үүссэн соёл, нийгэм, геополитикийн хуваагдлыг соёлын хүчээр багасгах зорилготой юм.
 
Чуулганы нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга А.Үйлстөгөлдөр оролцож, Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн мэндчилгээг уламжиллаа. Ерөнхийлөгчийн мэндчилгээнд, музейн салбарын хамтын ажиллагаа нь ард түмнүүдийн нөхөрлөлийг бэхжүүлэхэд чухал үүрэгтэйг онцлоод, туршлага солилцох, хамтарсан төсөл хэрэгжүүлэх, эрдэм шинжилгээ, сэргээн засварлалтын чиглэлээрх аливаа бүтээлч санаачилгыг бүх талаар дэмжиж ажиллахаа илэрхийлэв.
 
Чуулганы нээлтийн үйл ажиллагаанд Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ж.Алдаржавхлан үг хэлж, сүүлийн жилүүдэд музейн салбарт гарч буй олон бодит үр дүн гарч байгааг онцлон тэмдэглэлээ. Тэрээр ковид цар тахлын өмнө 20.0 орчим мянган м2 байсан музейн барилга байгууламжийн хүчин чадал өнөөдөр 48.0 орчим мянган м2 болж 2.4 дахин өссөн төдийгүй үйлчлүүлэгчдийн тоо 2025 оны байдлаар 1.8 сая болж 2.6 дахин нэмэгдсэнийг дурдсан юм. Түүнчлэн 2022 онд нээлтээ хийсэн Чингис хаан Үндэсний музейг "National Geographic" агентлаг 2024 онд заавал зочлох дэлхийн 20 дурсгалт газрын нэгээр нэрлэсэн амжилтыг цохон тэмдэглэж, Монголын музейн хөгжлийн өнөөгийн дүр төрхийг манлайлж байгаад талархал илэрхийллээ.
 
Чуулганы албан ёсны үйл ажиллагааны дараа Евроазийн музейн удирдлагууд Монголын эзэнт гүрний нийслэл Хархорум хотын туурь, Эрдэнэ зуу хийд, Уйгур болон Түрэгийн хаант улсын өв дурсгал, нүүдлийн ахуй соёл болон орон нутгийн бусад музейнүүдтэй биечлэн танилцах юм.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.13-15
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.19, 20
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.19-21
Үзвэрийн хувиарууд
Image
2026.07.16