Dark Light
Урлаг соёл | 2026-07-26

“ДОЛООН НАР” ХҮҮХДИЙН ЖҮЖИГ НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Үндэсний Азийн соёлын төв (ACC) болон Монгол Улсын Хүүхэд, залуучуудын театр хамтран бүтээн туурвисан “Долоон нар” хүүхдийн жүжиг 2026 оны 7 дугаар сарын 25-ны өдөр БНСУ-ын Гванжу хот дахь Азийн соёлын төвийн Хүүхдийн театрт нээлтээ хийлээ.

Уг бүтээл нь “Эрхий мэргэн” домгоос сэдэвлэсэн бөгөөд хоёр улсын соёлын солилцоо, хамтын ажиллагааны хүрээнд хүүхэд, залуучуудад зориулан туурвиснаараа онцлог юм.

​Тус жүжгийн нээлтийн үйл ажиллагаанд Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам (ССАЖЗЯ)-ны Соёл, урлагийн бодлого зохицуулалтын газрын дарга Д.Наранцэцэг, ЗГХА-Соёл, урлагийн газрын дарга Г.Батхуяг болон Улсын Хүүхэд, залуучуудын театрын захирал, МУГЖ Н.Ариунболд нар оролцож, уран бүтээлчдэд баяр хүргэлээ.

Олон улсын уран бүтээлчдийн хамтын ажиллагааны хүрээнд бүтсэн уг жүжгийн Эрхий мэргэний дүрд Хүүхэд, залуучуудын театрын жүжигчин Х.Азбуян, Ганц сүүлтийн дүрд жүжигчин М.Жаргалан, Хараацайн дүрд БНСУ-ын жүжигчин Ким Жиюүн нар тоглож, үзэгчдийн хүртээл болгосон юм.

​Жүжгийн зохиолч бөгөөд ерөнхий найруулагчаар БНСУ-ын уран бүтээлч Ким Мин Жон (Kim Min-jung) ажилласан бол хөгжмийн найруулагчаар Франц Улсын уран бүтээлч Реми Клеменсевич (Remi Klemensiewicz), арт директороор Д.Одгэрэл нар хамтран ажиллалаа. Тайзны дизайныг Б.Шинэ-Од болон "Зуны эхлэл" баг бүтээсэн бөгөөд тайзны менежерээр Чвэ Жон Хван, Шин Жи Хэ, туслах менежерээр Ким Рё Жин, Жон Со Вон нар ажилласан байна. Мөн гэрлийн найруулагчаар Им Хе Ён, дууны найруулагчаар Ян Пил Жү, хувцасны найруулагчаар Ю Ми Ян, жижиг хэрэглэлийг Жан Хэд Сал болон А.Молорсан нар хариуцан гүйцэтгэв.

Жүжгийн хөгжмийг тайзнаа амьдаар эгшиглүүлэхдээ Франц Улсын бөмбөрчин Реми Клеменсевич, Төмөр замын дуу бүжгийн чуулгын хөгжимчин, хөгжмийн зохиолч, хөөмэйч, морин хуурч Д.Буянтөлх болон Солонгос үндэсний бөмбөрчин И Ынёб нар хамтран тоглосноороо соёлын давтагдашгүй зохицлыг бий болгожээ.

​Энэхүү төсөл нь үндэсний өв соёлоо дэлхий дахинд сурталчлах, соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих бодлогын хүрээнд Азийн орнуудын соёлын солилцоог идэвхжүүлэхэд чухал ач холбогдолтой бөгөөд “Долоон нар” жүжиг нь 2027 онд Монгол Улсад албан ёсоор нээлтээ хийж, Дархан, Эрдэнэт хотуудад аялан тоглохоор төлөвлөж байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.07.16