Кристофер Нолан Гомерын алдарт “Одиссей” туульсыг дэлгэцийн бүтээл болгон хүргэхдээ киногоо аль болох бодитой болгохын тулд ер бусын арга барил ашиглажээ. Тухайлбал, Одиссейн хөлгийн зураг авалтад орчин үеийн викинг хөлөг ашиглаж, Трой хотын бүслэлтийг дүрслэх хэсэгт 2000 орчим хүн оролцуулсан байна. Харин киноны IMAX 70 мм хувилбарын нэг хувь нь 17.7 километр урт хальснаас бүрджээ.
ОДИССЕЙН ХӨЛГИЙГ ЖИНХЭНЭ ВИКИНГ ХӨЛГӨӨР ДҮРСЭЛЖЭЭ
Одиссейн хөлгийн дүрд Норвегийн Осло хотод байрладаг, 35 орчим метрийн урттай орчин үеийн викинг хөлгийн сэргээн босгосон загвар болох “Draken Harald Hårfagre” хөлгийг ашиглажээ. Уламжлалт аргаар модоор хийсэн уг хөлөг зураг авалтын өмнө Атлантын далайг гаталсан байна.
Нолан далайн хэсгүүдийг жинхэнэ хөлөг дээр, задгай далайд авахыг хүссэн бөгөөд ингэснээр үзэгдлүүдэд баримтат киноны мэдрэмж төрүүлэхийг зорьжээ.
ТРОЙН БҮСЛЭЛТИЙН ЗУРАГ АВАЛТАД 2000 ОРЧИМ ХҮН ОРОЛЦЖЭЭ
Трой хотын бүслэлтийг дүрслэх зураг авалтад 2000 орчим хүн оролцсон байна. Евриолохын дүрийг бүтээсэн Химеш Пателийн хэлснээр, гал дүрэлзэж, хүмүүс хашхирч, олны дунд тулаан өрнөсөн асар том хэсэг нь киноны цар хүрээг анх удаа бүрэн мэдэрсэн мөч нь байжээ.
274 МЕТРИЙН ӨНДӨРТ ӨДӨР БҮР АВИРЧЭЭ
Одиссейн ордны дүр зургийг толгодын оройд байрлах Санта Катерина цайзад авчээ. Цайз руу хүрэх замын өндрийн зөрүү ойролцоогоор 274 метр байсан нь 90 давхар барилгын өндөртэй дүйцнэ.
Жүжигчид болон зураг авалтын багийн зарим гишүүн, тэр дундаа Нолан өөрөө өдөр бүр 45 орчим минутын турш толгод өөд алхаж гардаг байжээ.
ЗУРАГ АВАЛТЫГ ЗУРГААН УЛСАД ХИЙЖЭЭ
“Одиссей” киноны зураг авалт зургаан сарын хугацаанд Грек, Итали, Марокко, Исланд, Шотланд болон АНУ-д үргэлжилсэн байна.
Нийтдээ үйлдвэрлэлийн явц 91 зураг авалтын өдөр үргэлжилж, төлөвлөсөн хугацаанаас есөн өдрийн өмнө дуусжээ.
КИНОГ БҮХЭЛД НЬ IMAX КАМЕРААР АВЧЭЭ
“Одиссей” нь бүхэлдээ IMAX хальсан камераар зураг авсан түүхэн дэх анхны бүрэн хэмжээний уран сайхны кино болжээ.
Киноны бүрэн IMAX 70 мм хувилбарыг үзүүлэх боломжтой кино театрууд дэлхий даяар ердөө 41 байдаг бөгөөд тэдгээрийн 25 нь АНУ-д байрладаг. Үзүүлбэрийн тоо хязгаарлагдмал байсан тул тасалбарууд хурдан дуусаж, зарим үзэгч киног үзэхийн тулд өөр хот руу зорчих шаардлагатай болсон байна.
12 МЯНГАН МӨРТ ТУУЛИЙГ 172 МИНУТАД БАГТААЖЭЭ
Гомерын “Одиссей” туульс 24 дууллаас бүрддэг бөгөөд нийтдээ ойролцоогоор 12,100 мөртэй. Харин Нолан хэдэн мянган жилийн өмнө бичигдсэн энэхүү бүтээлийг 172 минут буюу 2 цаг 52 минутын кино болгон хувиргажээ.
ХУУЧНЫ КИНО ПРОЕКТОРЧИЙН МЭРГЭЖИЛ ДАХИН ШААРДЛАГАТАЙ БОЛЖЭЭ
IMAX 70 мм хальс бүхий киног үзүүлэхэд тусгай мэргэжлийн хүн шаардлагатай байдаг. АНУ-д кино проектор ажиллуулдаг мэргэжилтнүүдийн тоо 2012 онд 8000 орчим байсан бол 2023 онд 2600 хүртэл буурчээ.
Киноны нээлтийн өмнө IMAX 130 туршлагатай кино проекторчтой гэрээ байгуулж, тус бүрийг нь долоо хоногийн эрчимжүүлсэн сургалтад хамруулсан байна. Зарим хотод мэргэжилтнүүдийг кино үзүүлэх бүх хугацаанд нь тусгайлан ажиллуулахаар авчирчээ.
ТРАВИС СКОТТ ЭРТНИЙ ГРЕКИЙН АЕДЫН ДҮРД ТОГЛОЖЭЭ
Америкийн реппер Трэвис Скотт кинонд аед буюу үзэгчдийн өмнө туульсын бүтээл дуулж, түүх өгүүлдэг эртний Грекийн дуучин, үлгэрчийн дүрийг бүтээжээ.
Нолан түүнийг “Одиссей”-н аман уламжлалыг онцлон харуулахын тулд сонгосон байна. Тэрбээр эртний аман туульсын уламжлалыг орчин үеийн реп хөгжмийн соёлтой адилтгаж үзжээ.
КИНОНЫ НЭГ ХУВИЛБАРТ 17.7 КИЛОМЕТР ХАЛЬС АШИГЛАЖЭЭ
“Одиссей” киноны IMAX 70 мм хальсны нэг хувь нь ойролцоогоор 11 миль буюу 17.7 километр урт аж.
Харьцуулбал, 1.8 метрийн өндөртэй Кристофер Нолануудыг нэг нэгнийх нь дээр давхарлан зогсоовол энэ уртад хүрэхийн тулд ойролцоогоор 9800 Нолан хэрэгтэй болох бөгөөд хальсны урт нь 54 Эйфелийн цамхгийн өндөртэй дүйцэх хэмжээ юм.







Урлаг соёл



