Дэлхий даяар алдартай болсон “Baby Shark” дууны клипэнд тоглож байсан бяцхан хүү Пак Гон Рун 10 жилийн дараа эргэн ирж, K-pop уран бүтээлчийн хувиар дебют хийхээр болжээ.
Тэрбээр тухайн үед “Baby Shark Dance” клипэнд долоон настайдаа оролцож, дэлхий нийтийн танил болсон юм. Өдгөө 17 настай Пак Гон Рун “Baby Shark Boy” нэрээр уран бүтээлээ эхлүүлэх бөгөөд анхны дижитал сингл болох “WAVE”-ээ наймдугаар сарын 20-нд гаргана.
Түүний анхны дууг “MONSTA X” хамтлагийн гишүүн Жүхон оролцон бүтээсэн байна. Мөн Пак Гон Рун дууны үгийг хамтран бичжээ. Тэрбээр багадаа алдартай болсон дүрээрээ бус, өөрийн дуу хоолой болон түүхээ уран бүтээлээрээ хүргэхийг хүсэж байгаагаа илэрхийлсэн байна.
2016 онд цацагдсан “Baby Shark Dance” видео өдгөө YouTube платформд 17.2 тэрбум гаруй хандалттай, тус платформын бүх цаг үеийн хамгийн их үзэлттэй видео хэвээр байна.
Мөн түүний K-pop-д хөл тавьж буй замналыг харуулсан “WAVE: A Boy’s Record” нэртэй баримтат бүтээл гаргахаар төлөвлөжээ.







Урлаг соёл




