ОХУ-ын хойд нийслэл Санкт-Петербург хотноо дэлхийн театрын урлагийн сор бүтээлүүдийг нэг дор цуглуулдаг, нэр хүндтэй Александринскийн олон улсын театрын XVII наадам нээлтээ хийлээ. Энэхүү түүхэн наадмын салхийг хагалж, хүндэт нээлтийн уран бүтээлээр Монгол Улсын Драмын Эрдмийн Театр (УДЭТ)-ын бүтээл, МЗЭ-ийн шагналт Битогтохын Цогнэмэхийн зохиол, Төрийн соёрхолт, Ардын Намнангийн Наранбаатарын найруулга “Тэнгэрийн хүү” (олон улсын нэршил: The Son of Tengri) туульсын жүжиг албан ёсоор тоглолоо.
270 гаруй жилийн түүхтэй, Оросын хамгийн ууган бөгөөд сэтгэл зүйн театрын чиг хандлагыг тодорхойлогч хааны театрын тайзнаа Монголын Хүннү гүрний түүх, соёл амилсан нь Оросын үзэгчид болон олон улсын театрын шүүмжлэгчдийг бүрэн алмайруулсан байна.
Александринскийн түүхэнд ховор үзэгдэл: 13 минутын нижигнэсэн алга ташилт
.jpg)


Жүжиг дууссаны дараа Санкт-Петербургийн нарийн мэдрэмжтэй үзэгчид болон олон улсын экспертүүд суудлаасаа босож, 13 минутын турш тасралтгүй халуун алга ташиж, "Браво!" хэмээн хашхирч байлаа.
Александринскийн театрын ерөнхийлөгч Валерий Фокин болон ерөнхий захирал Александр Малич нар сэтгэгдлээ хуваалцахдаа: "Манай театрын түүхэнд уран бүтээлчдэд ийм урт хугацаанд, тасралтгүй алга ташиж, баяр хүргэж байсан тохиолдол маш ховор. Бид урьд нь ийм зүйлийг үзэж байсангүй. Монголын театрын чансаа дэлхийн түвшинд хүрснийг энэ танхим баталлаа" хэмээн онцлон тэмдэглэжээ.
.jpg)
Археологийн олдворуудыг тайзнаа амилуулсан нь
Оросын хэвлэлүүд болон Александринский театрын албан ёсны хуудаснаас онцолсноор, уг жүжиг нь зөвхөн түүхэн хроника биш юм. "Тэнгэрийн хүү" жүжгийн баг 2000 гаруй жилийн өмнөх Хүннүгийн соёл иргэншлийг тайзнаа дүрслэхдээ сүүлийн жилүүдэд Монголын говиос олдсон археологийн шинжлэх ухааны нээлтүүд, артефактуудыг нарийвчлан судалж, хувцас хэрэглэл болон тайзны засалтыг түүхэн үнэнд тулгуурлан бүтээсэн нь театрын шүүмжлэгчдээс маш өндөр үнэлгээ авчээ.
Будапештээс Санкт-Петербургийн тайз хүртэл
Уг жүжгийг Александринский театрын тайзнаа тоглуулах урилгыг тус театрын захирал Александр Малич өнгөрсөн жил Унгарын Будапешт хотноо болсон "MITEM" олон улсын наадмын үеэр "Тэнгэрийн хүү"-г үзээд, асар өндөр сэтгэгдэл төрж, биечлэн урьснаар энэхүү аялан тоглолт хэрэгжсэн түүхтэй.
Жүжгийн гол дүрд УДЭТ-ын залуу од Баасанбуугийн Шинэбаяр (Модун Шанью), МУГЖ Мөнхзаяагийн Түвшинхүү (Түмэн Шанью), Ардын жүжигчин Жамсранжавын Оюундарь, МУГЖ Уртнасангийн Уранчимэг нарын Монголын сор болсон жүжигчид тоглож, Хүннү гүрний төрийн бодлого, тусгаар тогтнолын үнэ цэнийг дэлхийн тайзнаа тунхаглалаа.

"Тэнгэрийн хүү" жүжиг ийнхүү дэлхийн театрын зүрхэн цэгт амжилттай тоглосон нь Монгол Улсын драмын урлаг, найруулагчийн ур чадвар дэлхийн дээд ангилалд хүлээн зөвшөөрөгдсөний тод илрэл боллоо.
ТАТАР МАЙДАР







Урлаг соёл




