Лейпцигийн их сургуулийн Паулинум (Paulinum) танхимд хээрийн галуу нисэн үл хүрэх газраас эрдэм өвөртөлсөн багш, шавь хоёрын түүх буюу Өрнө, Дорныг холбосон эрдмийн гүүр болох багш Эрих Хэниш, шавь Дашдоржийн Нацагдорж нарыг мөнхөлсөн байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Лейпцигийн их сургуульд үг хэлж, мөн энэхүү арга хэмжээний үеэр Германы монгол судлалын анхдагч, түүчээ болох Эрих Хэниш болон түүний шавь Дашдоржийн Нацагдорж нарт зориулсан дурсгалын самбарыг албан ёсоор нээж, хөшөөний бүтээлгийг авлаа.

Энэхүү түүхэн үйл явдал нь зөвхөн самбар нээхээр хязгаарлагдаагүй бөгөөд Лейпцигийн их сургуулийн Паулинум (Paulinum) танхимд “Чингис хааны удмын их эрдэмтэн: Өв соёл ба судалгаа” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хуралтай хамт зохион байгуулагджээ.
Монгол Улсаас ХБНГУ-д суугаа Элчин сайдын яамтай хамтран зохион байгуулсан тус хурлаар дараах гол асуудлуудыг хэлэлцсэн байна:
-
Их зохиолчийн өв: Д.Нацагдоржийн уран бүтээл туурвил болон түүний өрнө, дорнын соёл, мэдлэг ухааны уламжлалыг холбосон гүүр болох түүхэн үүрэг.
-
Герман-Монголын солилцоо: Хоёр улсын хоорондын эрдэм шинжилгээний харилцааны түүх.
-
Нууцлаг гар бичмэл: Лейпцигийн их сургуульд Эрих Хэнишийн удирдлага дор Д.Нацагдоржийн 1927 онд босоо монгол бичгээр өөрийн гараар бичиж үлдээсэн, өдгөө Боннын их сургуульд хадгалагдаж буй хоёр боть "Герман-Монгол үгийн индекс"-ийн судалгааны шинэ олдворуудыг танилцуулжээ.
Энэхүү үйл явдал нь 100 жилийн өмнө Веймарын Бүгд Найрамдах Улсын үед Герман улсад анх хөл тавьж байсан монгол оюутнуудын дурсгал болон орчин үеийн монгол утга зохиолыг үндэслэгчийн 120 жилийн ойг хилийн чанадад өндөр түвшинд мөнхөлсөн үйл явдал боллоо.

100 жилийн өмнө буюу 1926 онд Монгол Улсаас Герман, Франц руу сурахаар явсан анхны 35 сурагчийн нэг нь Дашдоржийн Нацагдорж байв. Тэрээр 1927 оноос Лайпциг хотноо суралцаж, тухайн үед тус их сургуулийн Дорно дахины институтийн захирал байсан нэрт монголч эрдэмтэн, профессор Эрих Хэнишийн (Erich Haenisch) удирдлага дор монгол хэл, түүх, соёл судалж, эрдэм шинжилгээний туслахаар нь ажиллаж байжээ. Тэд хамтран "Герман-Монгол үгийн индекс" (Glossar) зохиож байсан бөгөөд гар бичмэл нь өдгөө Боннын их сургуульд хадгалагдаж буй.
ТАТАР МАЙДАР





Нийгэм



