Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын (ДЭМБ) Ерөнхий захиралд нэр дэвшиж буй профессор Геворг Тамамяны сонгуулийн кампанит ажлын Олон улсын зөвлөхүүдийн зөвлөлд (International Advisory Board) Монгол Улсын УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд асан Жигжидсүрэнгийн Чинбүрэн нэгдэхээр болжээ.
Энэхүү шийдвэрийг нэр дэвшигч Геворг Тамамян өөрийн албан ёсны хуудсаараа дамжуулан баяртайгаар мэдээлсэн байна.
Нэр дэвшигч Геворг Тамамян тэмдэглэхдээ:
"Монгол Улсын Эрүүл мэндийн сайд асан, УИХ-ын гишүүн, доктор Ж.Чинбүрэн миний бие ДЭМБ-ын Ерөнхий захиралд нэр дэвших кампанит ажлын Олон улсын зөвлөхүүдийн зөвлөлд нэгдэхийг уриалгахан зөвшөөрсөнд туйлын их баяртай байна.
Доктор Ж.Чинбүрэн бол эрүүл мэндийн салбарт бодит өөрчлөлтийг авчирсан нэгэн. Тэрээр мэс засалч мэргэжилтэй бөгөөд баг хамт олонтойгоо хамтран Монголын анхны элэг, нойр булчирхайн төрөлжсөн мэс заслын багийг үүсгэн байгуулж, Үндэсний хавдар судлалын төвийн (ХСҮТ) захирлаар ажиллаж байхдаа элэг шилжүүлэн суулгах хөтөлбөрийг амжилттай эхлүүлсэн гавьяатай. Эрүүл мэндийн сайд болон парламентын гишүүний хувиар тэрээр улс орон даяар эрүүл мэндийн салбарын инновац, тусламж үйлчилгээний хүртээмжийг сайжруулахын төлөө тууштай ажиллаж ирсэн.
Хэдхэн хоногийн өмнө Монгол Улсын парламент Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан бөгөөд доктор Ж.Чинбүрэн энэхүү хуулийн гол архитекторуудын нэг байв. Хэдэн сарын өмнө Улаанбаатар хотод уулзах үед тэрээр энэхүү өөрчлөлтийн талаар маш их сэтгэл зүрх гарган ярьж байсан бөгөөд өнөөдөр энэ нь биеллээ олж, монголчуудын хойч үеийн эрүүл мэндийг хамгаалахад том хувь нэмэр оруулахаар боллоо. Надад итгэл хүлээлгэж, дэмжсэнд маш их баярлалаа, эрхэм найз минь" хэмээн бичжээ.
УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн үүний хариуд:
"Найрсаг дулаан үгс, итгэл хүлээлгэсэнд маш их баярлалаа, эрхэм найз Геворг минь. Таны Олон улсын зөвлөхүүдийн зөвлөлд нэгдэх болсон нь миний хувьд нэр төрийн хэрэг юм. ДЭМБ-ыг илүү хүчирхэг, тэгш хүртээмжтэй болгох, хүн бүрийн эрүүл мэндийг хамгаалах нийтлэг алсын харааны төлөө өөрийн санал санаачилга, туршлагаа хуваалцахыг тэсэн ядан хүлээж байна. Танд өндөр амжилт хүсье!" хэмээн хариу талархал илэрхийлсэн байна.
ДЭМБ-ын удирдлагын багийг сонгох дэлхийн хэмжээний томоохон сонгуульт ажилд Монгол Улсын эрүүл мэндийн салбарын төлөөлөл, нэрт мэс засалч олон улсын зөвлөхөөр ажиллах болсон нь манай улсын анагаах ухааны салбарын нэр хүнд дэлхийн тавцанд үнэлэгдэж буйн илэрхийлэл юм.
Профессор Геворг Тамамян (Gevorg Tamamyan) нь эрүүл мэндийн салбарыг бэхжүүлэх, тэгш хүртээмжтэй тусламжийг хөгжүүлэхийн төлөө олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн Арменийн нэртэй хүүхдийн хавдар, цусны эмч (онколог-гематолог) эрдэмтэн юм.
Эдүгээ тэрээр Ереваны Төрийн Анагаах Ухааны Их Сургуулийн (YSMU) Хүүхдийн хавдар, цусны өвчин судлалын тэнхимийн эрхлэгч, профессор, мөн Иммун-онкологийн судалгааны хүрээлэнгийн (IMMONC) гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаа билээ.
Тэрээр Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын (ДЭМБ) Ерөнхий захирлын 2027 оны сонгуульд нэр дэвшин өрсөлдөж байна. Сонирхолтой нь түүнийг төрсөн нутаг Армени улс нь бус, Африк тивийн Ботсвана улс албан ёсоор нэр дэвшүүлсэн нь олон улсын эрүүл мэндийн дипломат харилцаанд ховор тохиолдол юм.
Түүний сонгуулийн гол мессеж нь “Хүний хаана төрсөн бэ гэдэг газар зүйн байршил нь амьд үлдэх эсэхийг нь шийдэх ёсгүй” (Geography must not decide who lives) хэмээх тэгш хүртээмжийн зарчим ажээ.
Тэрээр Харвардын их сургууль, Торонтогийн их сургууль, АНУ-ын "MD Anderson" хавдрын төв зэрэг дэлхийн топ сургууль, эмнэлгүүдэд мэргэжил дээшлүүлсэн. Олон улсын хүүхдийн хавдрын нийгэмлэгийн Азийн салбарын (SIOP Asia) Ерөнхийлөгчөөр ажилладаг. Мөн дэлхийн хавдар судлалын хамгийн том медиа платформуудын нэг болох OncoDaily цахим хуудсыг хамтран үүсгэн байгуулагч, ерөнхий редактор билээ.
ТАТАР МАЙДАР





Эрүүл мэнд



