Өмнөд Солонгос улсын Сувон хотноо зохион байгуулагдсан уламжлалт "Палдалмүн" (팔달문시장 다문화가요제) олон соёлт иргэдийн дууны наадамд Монгол Улсаа төлөөлөн оролцсон Гаваажавын Мягмарсүрэн тус тэмцээний хамгийн нэр хүндтэй шагнал болох "대상" буюу Гран при шагналын эзэн болж, хол газар эх орныхоо нэрийг өндөрт өргөлөө.

Энэхүү нэр хүндтэй наадамд Монгол, Япон, Хятад, Их Британи, Бангладеш болон АНУ-ын Майами зэрэг дэлхийн олон орноос шалгарч үлдсэн шилдэг 18 оролцогч өөрсдийн авьяас чадвараа сорин өрсөлдсөн юм.
Тэмцээний тэргүүн байрыг эзэлсэн зургаан хүүхдийн ээж болох Г.Мягмарсүрэн Солонгосын алдарт дуучин Ин Сүн И (In Sooni)-гийн дуулж олны хүртээл болгосон "Галууны мөрөөдөл" (거위의 꿈) хэмээх гүн гүнзгий утга агуулгатай, солонгосчуудын зүрхэнд хүрсэн алдартай бүтээлийг амилуулан дуулжээ. Түүний гайхалтай хоолойны чадал, дууны үгний илэрхийлэл болон тайзны соёл нь шүүгчид болон Сувон хотын үзэгчдээс өндөр үнэлгээ авч, ийнхүү Тэргүүн шагналыг бахдамтайгаар хүртэх шалтгаан болсон байна.

"Палдалмүн" дууны наадам гэж юу вэ?
Энэхүү дууны тэмцээн нь Сувон хотын түүхэн дурсгалт "Палдалмүн" (Палдал хаалга)-ыг тойрон байрлах уламжлалт захын худалдаа эрхлэгчдийн холбооноос санаачлан зохион байгуулдаг нэр хүндтэй соёлын арга хэмжээ юм. Тус зах зээлээр үйлчлүүлдэг болон БНСУ-д ажиллаж, амьдарч буй гадаад орны иргэд, олон соёлт гэр бүлүүдийг хооронд нь нэгтгэх, уламжлалт захын соёлыг сурталчлах зорилгоор 14 дэх жилдээ амжилттай зохион байгуулагдаж байна. Орон нутгийн засаг захиргаа, соёлын байгууллагуудаас өндөр ач холбогдол өгдөг тус наадамд манай улсын иргэн түрүүлсэн нь солонгос иргэдэд Монгол хүний урлагийн өндөр мэдрэмж, авьяас чадварыг дахин нэгэнтээ батлан харуулсан үйл явдал боллоо.
Дууны гол утга санаа болох "Бодит байдал хэдий хатуу ч надад тэнгэрт нисэх мөрөөдөл бий, би түүндээ итгэдэг" гэсэн тэмүүлэл нь харийн оронд хөдөлмөрлөж, сурч буй олон олон гадаад иргэдэд урам зориг өгч, наадмын тайзыг чимсэн байна.
ТАТАР МАЙДАР







Урлаг соёл


