Японы TBS телевизийн түүхэн дэх хамгийн өндөр өртөгтэй бүтээлүүдийн нэг болох "Вивант" (Vivant) олон ангит уран сайхны кино өнгөрсөн сард Хятад болон Энэтхэгийг оролцуулахгүйгээр Азийн хэмжээнд бусад бүх стриминг контентуудыг үзэлтээрээ тэргүүллээ. Стриминг зах зээлийн судалгааны "ampd Analytics" фирмийн бүсийн сар тутмын чансааны жагсаалтыг түүхэндээ анх удаа Японы олон ангит кино ийнхүү тэргүүлж байгаа нь энэ юм.
Мөн "Вивант" кинонд Монголын чадварлаг уран бүтээлчид болох жүжигчин Батболдын Барслхагва (Чингисийн дүр), Ганболдын Эрхэмбаяр, Хатанзоригийн Цасчихэр болон бяцхан жүжигчин Хонгорзулын Нандин-Эрдэнэ (Жамъяны дүр) нар Холливуд болон Японы А зэрэглэлийн одод болох Сакай Масато, Абэ Хироши нартай эн тэнцүү хэмжээнд голлох дүрүүдийг бүтээж, олон улсын шүүмжлэгчдээс өндөр үнэлгээ авсан юм. Ялангуяа жүжигчин Батболдын Барслхагвагийн бүтээсэн цагдаагийн офицер Чингисийн дүр нь Япон улсын үзэгчдийн дунд асар их алдар нэрийг дагуулж, сошиал орчинд тренд болж байв. Киноны хоёрдугаар бүлгийн үйл явдал эхний бүлгийн төгсгөл хэсгээс шууд үргэлжлэх бөгөөд Азербайжан улсад зураг авалтыг нь үргэлжлүүлэн хийсэн байна. Киноны олон улсын үзэлтийн 97 хувийг дотоодын буюу Японы үзэгчид эзэлж байгаа ч Азийн зах зээлийг ийнхүү шуугиулж эхэлсэн нь Японы кино контентууд дэлхийн тавцанд гарах том гүүр болж байна.
ТАТАР МАЙДАР







Урлаг соёл



