Dark Light
Урлаг соёл | 2026-09-21

"ЖИНДО 2026" ОЛОН УЛСЫН КОНФЕРЕНЦ АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨВ

СЭТГҮҮЛЧ | ТАТАР МАЙДАР
Image

Бүгд Найрамдах Солонгос Улсын Жиндо хотод 2026 оны 9 дүгээр сарын 16-наас 20-ны өдрүүдэд зохион байгуулагдсан "Жиндо олон улсын биет бус соёлын өвийн конференц 2026" (Jindo International ICH Conference 2026) амжилттай болж өндөрлөлөө. Тус олон улсын хурал нь “Living Heritage, Shared Futures – Амьд өв, хамтын ирээдүй” гэсэн үндсэн уриан дор өрнөж, Ази, Номхон далайн бүс нутгийн биет бус соёлын өвийг хамгаалах, өвлүүлэн уламжлуулах, соёлын байгууллагуудын хамтын ажиллагааны шинэ платформыг бүрдүүлсэн түүхэн арга хэмжээ боллоо. 

Энэхүү хурлын гол онцлох үйл явдал нь Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газрын дарга Галбадрахын Энхбат  болон Ази, Номхон далайн бүс нутгийн биет бус соёлын өвийг хамгаалах ЮНЕСКО-гийн 2-р зэрэглэлийн төв болох ИЧКАП (ICHCAP) байгууллага, түүнчлэн БНСУ, БНХАУ зэрэг бүс нутгийн соёлын байгууллагууд хамтарсан олон талт Санамж бичигт (MOU) албан ёсоор гарын үсэг зурсан явдал байв. Үүгээр дамжуулан Монгол Улс өөрийн үндэсний нүүдэлчин соёл, биет бус өвөө олон улсад сурталчлах, харилцан туршлага солилцох шинэ хаалгыг нээж байна.

Хурлын хүрээнд Монгол, Солонгос, Хятад, Япон, Энэтхэг, Индонези, Вьетнам зэрэг Азийн 7 орны соёлын өвийн шилдэг шинжээч, судлаач, өвлөн уламжлагчид цугларч, нийгмийн огцом өөрчлөлтийн үед ардын соёл, уламжлалт зан үйлийг хэрхэн ирээдүй хойч үедээ үнэ цэнтэйгээр үлдээх талаар санал бодлоо уралдуулсан юм. Мөн тус арга хэмжээтэй зэрэгцэн "Жиндо олон улсын биет бус соёлын өвийн наадам" зохион байгуулагдаж, Монгол Улсын үндэсний урлагийн төлөөлөл олон орны уран бүтээлчидтэй хамт өөрсдийн язгуур урлаг, өв соёлоо дэлхийн тайзнаа бахдамтайгаар тунхаглан үзүүллээ.

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19