Dark Light
Урлаг соёл | 2026-09-21

ХЯТАДЫН ДОМОГТ ХАТНЫ БУНХАН ОЛДЖЭЭ

СЭТГҮҮЛЧ | ТАТАР МАЙДАР
Image
Фото зургийг | Хуаянь хатны тухай киноны постер

БНХАУ-ын Шэньси мужийн Сиань Сяньян олон улсын нисэх онгоцны буудлыг өргөтгөх талбайн ойролцоо явуулсан малтлагаар эртний Хятадын түүхэн дэх хамгийн нөлөө бүхий эрхэмд тооцогддог хатны бунхныг илрүүлсэн тухай археологичид мэдээллээ. Одоогоос хоёр мянга хоёр зуун тавь орчим жилийн өмнөх үед хамаарах энэхүү томоохон хааны гэр бүлийн бунхан нь Хятад улсыг анх удаа нэгтгэж, эзэнт гүрнийг байгуулсан алдарт Цин Ши Хуан хааны өргөмөл эмэг эх Хуаянь хатны эцсийн амгалангаа олсон газар байх өндөр магадлалтай байна. Бунхныг анхлан судлах үед Хойд Жоу улсын хааны булш байж магадгүй хэмээн таамаглаж байсан ч нарийвчилсан судалгаа болон нүүрстөрөгчийн шинжилгээгээр Цин гүрний дайтагч улсуудын үед хамаарах болохыг тогтоожээ.

Хятад улсын Сиань хот дахь Цинь улсын хааны эртний бунхнаас олдсон, Хуаян хатан эхэд хамаарагдаж болзошгүй хүрэл эдлэлүүд

Энэхүү олдворын хамгийн нууцлаг бөгөөд гайхалтай хэсэг нь төв бунхныг тойрон хүрээлсэн олон тооны дагалдах булшнууд юм. Археологичид хааны оршуулгын цогцолбороос дагалдах дөчин таван жижиг булш илрүүлсэн бөгөөд тэдгээрээс олдсон хүний үлдэгдлийг шинжлэхэд туйлын сонирхолтой деталь тодорчээ. Биологийн хүйсийг нь нарийн тогтоож чадсан гучин араг ясны бүгд нь эмэгтэй хүн байсан нь тогтоогдсон бөгөөд тэднийг тухайн үеийн хааны ордны албанд зүтгэж байсан шивэгчид эсвэл ордны эмэгтэйчүүд байсан гэж таамаглаж байна. Төв том бунхан нь эрт цагт тоногдож сүйтгэгдсэн тул хатны өөрийнх нь бие махбод болон хэн болохыг шууд батлах эд зүйлс олдоогүй ч хааны зан үйлийн дагуу баригдсан архитектур, байршил болон олдсон түүхийн сурвалжууд нь Хуаянь хатныг зааж байгааг Шэньси мужийн Археологийн хүрээлэнгийн эрдэмтэд баталж байна.

Хятад улсын Сиань хотын ойролцоох Шанжаояо дахь Цинь гүрний бунхны археологийн төлөвлөгөө; үүнд хааны төв бунхан болон түүнийг хүрээлсэн оршуулгын талбайг харуулжээ.

Бунхны орчмоос тонуулчдын гар ороогүй үлдсэн хоёр зуун тавин найман багц түүхийн олдвор, түүний дотор керамик эдлэл, хүрэл, төмөр, хаш, мана болон шилэн эдлэлүүд олноор олджээ. Эдгээр шавар ваар болон сав суулгануудын зарим дээр Цин гүрний орон нутгийн гар урлалын газруудын тэмдэг, бичээсүүд хадгалагдан үлдсэн нь тухайн үеийн түүхийг судлахад үнэлж баршгүй хувь нэмэр оруулах юм байна. Мөн хаадын болон хатдын бунхныг тусад нь боловч ойрхон оршуулдаг болсон тэрхүү түүхэн шилжилтийн үеийг энэ олдвор тод харуулж байгаа бөгөөд энэ нь хожим Цин Ши Хуан хааны дэлхийн соёлын өвд бүртгэгдсэн асар том бунхны загвар болон хөгжих үндэс суурь нь болсон гэж эрдэмтэд дүгнэжээ.

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19