Тэднийг анх Токиогийн клубуудээр тоглож эхэлж байхдаа тайзан дээр винил тоглуулагч, микрофоноо чирээд гарч ирэхэд нь хүмүүсийн хувьд 'за одоо эднийг сонсоод яах вэ, бушуухан баар бараадая' гэдэг байсан үе хэдийн ард хоцорчээ. Өнөөдөр Creepy Nuts дэлхийн хэмжээний супер стадионуудыг хоромхон зуур дүүргэж, хөгжмийн чартуудыг тэргүүлж байна.
Өдгөө рэппэр R-Shitei болон DJ Matsunaga нараас бүрдэх Японы хип хоп "Creepy Nuts" хамтлаг хурдтай үглэлт, ухаалаг үгсийн наадам, донжтой хэмнэлээрээ дэлхий нийтийн анхаарлыг өөрсдөдөө татаж, хөгжмийн салбарт шинэ түүх бүтээж байгаа юм.
Тус хамтлагийн гишүүд хоёулаа өөрсдийн чиглэлдээ Японы шилдгүүд юм. Рэппэр R-Shitei нь Японы хамгийн том реп тулааны "Ultimate MC Battle" тэмцээнд гурван жил дараалан түрүүлсэн шилдэг батл реппэр бол, DJ Matsunaga нь дэлхийн шилдэг дижей шалгаруулдаг "DMC World DJ Championship" тэмцээний аваргын титэмтэй бөгөөд 2020 оны Токиогийн Олимпын хаалтын ажиллагаанд уригдан тоглож байсан чадварлаг уран бүтээлч юм. Тэдний энэхүү өвөрмөц хэв маяг, өндөр ур чадвар нэгдсэнээр "Creepy Nuts" хамтлаг үүсжээ.
Хамтлаг 2024 онд "Mashle: Magic and Muscles" анимэ цувралын нээлтийн дуу болох "Bling-Bang-Bang-Born" хит дуугаараа олон улсад асар том тэсрэлт хийсэн билээ. Уг бүтээл нь тухайн ондоо Японы "Billboard Japan Hot 100" жагсаалтыг тэргүүлээд зогсохгүй, дэлхийн "Billboard Global 200" жагсаалтын шилдэг 8-д бичигдсэн юм. Үүний дараагаар тэд "Dandadan" анимэ цувралын нээлтийн сэдэв дуу болох "Otonoke"-г гаргаж, дэлхий даяарх нэр хүндээ улам бүр бататгасан байна.
Тэд зөвхөн цахим орчинд хит болоод зогсохгүй амьд тоглолтын гайхалтай чадвараараа алдаршиж байна. 2025 онд Японы алдарт "Tokyo Dome"-д 50,000 үзэгчийн өмнө бие даасан тоглолтоо хийсэн бол, саяхан дэлхийн хөгжмийн хамгийн том наадмуудын нэг болох "Coachella"-ийн тайзнаа гарч, тэдний тоглолтын бичлэг цахим орчинд вирал болж байлаа.
"Creepy Nuts" хамтлагийн амжилтын буухиа үргэлжилсээр байна. Тэд дэлхийн хөгжмийн супер од, поп дуучин The Weeknd-ийн Ази тивийг хамарсан "After Hours Til Dawn" томоохон аялан тоглолтын нээлтийн зочин хамтлагаар уригдан, олон арван мянган үзэгчдийн өмнө Япон хип хоп соёлыг сурталчлахаар болжээ. Энэхүү алхам нь хэлний бэрхшээл хөгжмийн урлагт саад болдоггүйг баталж, тэднийг дэлхийн тавцанд улам өндөрт гаргах стратегийн чухал үйл явдал болж байна.
ТАТАР МАЙДАР






Урлаг соёл




