Dark Light
Урлаг соёл | 2026-09-23

VALVE КОМПАНИЙН АЖИЛТНУУД ГЕЙБ НЬЮЭЛЛИЙН ХӨӨМИЙЛӨХ ДОНГООС ЗАЛХАЖ БАЙСАН ГЭНЭ

СЭТГҮҮЛЧ | ТАТАР МАЙДАР
Image

Алдартай "Counter-Strike" тоглоомыг хамтран бүтээгч Мин "Gooseman" Ле саяхан өгсөн ярилцлагадаа Valve компанийг үүсгэн байгуулагч Гейб Ньюэллийн (Gabe Newell) сонирхолтой бөгөөд хачирхалтай нэгэн үе шатыг хуваалцлаа. Түүний хэлснээр, Гейб Ньюэлл нэг агшинд Монгол хөөмийг маш ихээр сонирхож, түүгээрээ оффисын ажилтнуудынхаа "чихний сонорыг мялаадаг" байсан гэнэ.

Мин Ле 2000 онд Valve компанид ажилд орж, зургаан жилийн турш тус компанийн түүхийн чухал мөчүүдийг нүдээр үзсэн нэгэн юм. Тэрээр тоглоомын маркетингийн зөвлөх Жо Хенсонтой хийсэн YouTube-ийн ярилцлагадаа Гейб Ньюэллийг "маш өвөрмөц" бөгөөд "сонирхолтой хобби руу амархан татагддаг" хүн хэмээн тодорхойлжээ.

Гейбийн содон хоббинуудын нэг нь Монгол хөөмий (Mongolian throat singing) байсан бөгөөд тэрээр энэхүү өвөрмөц урлагийг баримтат киноноос олж үзээд шууд л донтож эхэлсэн байна.

"Тэр хөөмийлж сурахаар дадлага хийж эхэлсэн. Тэгээд оффисоор дүүрэн хөөмийлөөд л, коридорт алхаж явахдаа хоолойгоороо янз бүрийн авиа гаргадаг байв. Оффист байсан зөндөө олон хүн үүнээс нь болоод нэлээд төвөгшөөдөг байсныг би санаж байна. Учир нь энэ нь нэлээд чанга дуутай шүү дээ. Тэр өдөр бүр коридорт ийнхүү хөөмийлж алхдаг байсан" хэмээн Мин Ле дурсжээ.

Азаар, Valve компанийн ажилтнуудын "шаналал" тийм ч удаан үргэлжлээгүй бөгөөд Гейб Ньюэллийн хөөмий сонирхох тус үе шат ердөө 5 сар орчим үргэлжлээд дууссан байна.

Ярилцлагын үеэр Гейбийн тухай өөр сонирхолтой баримтууд ч дэлгэгдсэн юм:

  • Тэрээр зөвхөн хутга цуглуулагч биш, мөн дундад зууны үеийн асар том сэлэм, сүхнүүд хадгалдаг тусгай өрөөтэй.

  • Уулзсан даруйдаа залуу ажилтнуудаас "Яг юу тоглоомыг гайхалтай болгодог вэ?" гэх мэт хүнд асуултуудыг гэнэт асууж, сандаргах дуртай.

  • Оффисын коридорт "Corndog" (хиамтай ороомог) идэж явахдаа бусадтайгаа хуваалцах дуртай, эгэл жирийн нөхөрсөг хамтран ажиллагч байж чаддаг.

Энэхүү хөгжилтэй дурсамж нь тоглоомын ертөнцийн хамгийн нөлөө бүхий эрхмийн тухай домог мэт яриаг улам баяжуулж, түүнийг ямар сонирхолтой зан чанартай удирдагч вэ гэдгийг харуулсан үйл явдал боллоо.

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19