Warner Bros. болон HBO компаниуд “Game of Thrones” цувралын анхны бүрэн хэмжээний киног 2029 оны зургадугаар сарын 6-нд нээхээр төлөвлөжээ.
“Game of Thrones: Aegon’s Conquest” нэртэй уг бүтээл нь өнөөг хүртэл голчлон телевизийн цувралаар хөгжиж ирсэн франчайзын анхны кино төсөл болох юм.
Киног “A Knight of the Seven Kingdoms” төслөөр танигдсан Оуэн Харрис найруулж, зохиолыг “Andor”-ын зохиолч, “House of Cards”-ын бүтээгч Бо Уиллимон бичжээ.
Энэхүү киног Жорж Р.Р. Мартины “Fire & Blood” романаас сэдэвлэх бөгөөд “Game of Thrones”-ийн үйл явдлаас ойролцоогоор 300 жилийн өмнөх Вестеросын түүхийг өгүүлнэ. Гол дүр нь Таргариены угсааны анхны хаан Эйгон I Таргариен бөгөөд тэрбээр эгч дүүс, эхнэрүүд болох Висенья, Рейнис нарын хамт Вестеросыг эзлэн нэгтгэсэн түүхийг харуулах аж.
Эйгон I өмнөх дэлгэцийн бүтээлүүдэд биечлэн гарч байгаагүй бөгөөд дүрийг хэн бүтээх нь одоогоор тодорхойгүй байна. Кино одоогоор үйлдвэрлэлийн эхний шатандаа явж байгаа аж.







Урлаг соёл




